АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-26 12:42:57

КУАЛА-ЛУМПУР, 2025 оны тавдугаар сарын 26 /Xinhua/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ 46 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн интеграцчлал, худалдаа, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэнэ. 


Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ, тогтвортой, тэгш хөгжлийг ахиулах зорилгыг орхигдуулахгүйн тулд хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн дэг журамтай холбоотой сорилтуудыг хамтдаа даван туулахыг АСЕАН-ы гишүүн орнуудад уриалжээ.


АСЕАН-ы хувьд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт нь худалдаа, капитал хөрөнгө, хүмүүсийн чөлөөт урсгалд тулгуурласан нээлттэй, хүртээмжтэй, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журамд тулгуурлаж ирсэн. Өдгөө эдгээр үндэс суурийг дангаараа авсан арга хэмжээнүүд ганхуулж байна. Геополитикийн дэг журам өөрчлөгдөж байгаа энэ үед АНУ нэг талыг баримталсан татвар ногдуулснаар дэлхийн худалдааны тогтолцоо сүүлийн үед улам хурцадмал байдалд байна. Олон талт үзэл суларч, протекционизм сэргэж байгааг бид харж байна гэж А.Ибрахим хэлжээ.


Малайзын Ерөнхий сайд мөн тус бүлгийн найрсаг түншүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн чухлыг цохон тэмдэглээд, бүс нутгийн эдийн засгийн хамгийн том түнш Хятад болон Булангийн хамтын ажиллагааны зөвлөл /БХАЗ/ оролцоотой явагдаж буй АСЕАН-Хятад-БХАЗ-ийн дээд хэмжээний анхдугаар уулзалтын ач холбогдлыг тэмдэглэжээ.


Малайз улс 2025 онд АСЕАН-ыг даргалж байгаа бөгөөд Хүртээмжтэй байдал ба тогтвортой байдал сэдвийн дор АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт болон холбогдох уулзалтуудыг зохион байгуулж байна. 1967 онд байгуулагдсан тус байгууллагад Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтдаг.



Related news