Буриад улсын төлөөлөгчид Төв аймагт зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВБуриад улсын Ярун мужийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Жамсуев Цокто Батомункуевич тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт ажлын айлчлал хийлээ. Төв аймаг нь Буриад улстай анх 2007 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, найрсаг харилцаа эхэлснээс хойш өдгөө есөн жил болж байгаа юм байна.
Төлөөлөгчдийг Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон түүний зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзлаа. Айлчлалын эхэнд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал зочид төлөөлөгчдөд хандан “манай хоёр орны тэр дундаа Төв аймаг, Ярун мужийн харилцаа дахин сэргэж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм”.
Мөн “хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, тэтгэн ахиулаад зогсохгүй нэг нэгнээ түшиж хамтдаа хөгжил дэвшил рүү урагшлахыг цохон тэмдэглээд цаашид хоёр талын бодит харилцааг бэхжүүлж иргэдийн нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжин ажиллах хэрэгтэй бөгөөд гадаад худалдаа, эдийг засгийн харилцааг шинэ төвшинд гаргах хэрэгтэй байгаа талаараа илэрхийллээ.”
Харин Буриад улсын төлөөлөгчдийн зүгээс Ярун аймгийн шинэ засаг даргын мэндийг уламжлаад дахин уулзаж байгаадаа талархлаа дэвшүүлсэн бөгөөд Төв аймагт өөрсдийн ардын урлагийн тоглолтын бүрэлдэхүүнтэйгээ ирж мэндчилсэн юм. Цаашид хамтын ажиллагаагаа илүү өндөр шатанд гаргах зорилготой ирсэн гэдгээ онцолсон бөгөөд ирэх 2017 онд болох Яруун аймгийнхаа 90 жилийн ойд Төв аймгийн удирдлагуудыг албан ёсоор урьсан юм.
Түүнчлэн энэ удаагийн уулзалтын онцлог нь хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлж өргөжүүлэхэд чухал алхам болж буйг цохон тэмдэглээд, үр дүнтэй ажлын айлчлал болж чадсан талаар албаныхан тодотгож байлаа.
Т.Есүхэйтөмөр