“Хасын Хүлэгүүд” аварга болж, Зүүн Азийн Супер лигт тоглох Монголын анхны багаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-22 11:12:09

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн спортод 21 жилийн түүхтэй “Хасын Хүлэгүүд баг шинэ хуудас нээж, Зүүн Азийн Супер лигт (EASL) тоглохоор болсон анхны монгол баг боллоо.


Тус баг 2024-2025 оны улиралд Монголын үндэсний дээд лигийн тэмцээнд өчигдөр ес дэх удаагаа аваргын цом хүртсэн юм. Энэ оны эхээр Зүүн Азийн Супер лиг МСБХ-той урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус тэмцээний аварга багийг 2025-2026 онд EASL-д шууд оролцох эрх өгсөн байдаг. Тэгвэл энэхүү эрхийн эзэн нь “Хасын Хүлэгүүд баг болж, олон улсад Монголын лигийн багуудын чансааг харуулах эрхэм хүндтэй үүрэг хүлээж байна.


Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал ““Хасын Хүлэгүүд баг 2024-2025 оны улиралд аварга болж, Зүүн Азийн Супер лигт шалгарсан нь Монголын сагсан бөмбөгийн шинэ түүх болж байна. Энэхүү боломж нь МСБХ болон баг тамирчид, дасгалжуулагчид, сагсан бөмбөг сонирхогчдын тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлийг илтгэж байна. Бид Хасын Хүлэгүүд багийг Ази тивийн лигийн аварга шилдэг багуудтай өрсөлдөж, Монголын сагсан бөмбөгийн нэрийг өндөрт гаргахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн хэллээ.


Хасын Хүлэгүүд” баг 21 жилийн хугацаанд аваргын цомыг есөн удаа өргөхдөө  сүүлийн хоёр улиралд дараалан түрүүлсэн нь энэ. Финалын тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор тус багийн "Ян Миллер" тодорчээ.

Ташрамд дурдахад, тэд Улаанбаатар хотын “М банк арена”-д энэ сарын 30, 31-нд Азийн аваргуудын лигийн хагас шигшээ шатны тоглолтоо хийх юм. 








Related news