К.Алькарас Италийн нээлттэй тэмцээнд түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-19 11:55:51

РОМ, 2025 оны тавдугаар сарын 19 /AFP/. Испанийн теннисчин Карлос Алькарас ням гарагт болсон Италийн нээлттэй тэмцээний финалд Янник Синнерийг 7:6 (7/5), 6:1 харьцаагаар буулган авчээ.


Ингэснээр К.Алькарас энэ амралтын өдрүүдэд эхлэх Францын нээлттэй тэмцээний өмнө энэ улирлын гурав дахь түрүүгээ хүртэж байна. Тэрбээр даваа гарагт дэлхийн чансаанд Я.Синнерийн араас хоёрдугаарт бичигдэнэ.


Я.Синнер дэлхийн чансааг тэргүүлж байгаа боловч түүний 26 дараалсан хожлын цувралыг К.Алькарас ийнхүү зогсоолоо. Испанийн теннисчин мөн өнгөрсөн оны Хятадын нээлттэй тэмцээний финалд түүнийг хамгийн сүүлд хожиж байжээ. 2024 оны эхэн үеэс дэлхийн чансааг тэргүүлж эхэлснээс нь хойш Я.Синнерийг финалд ялсан цорын ганц хүн К.Алькарас юм.


Харин 2024 оны гуравдугаар сард өгсөн сэргээшийн шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа тэмцээнд оролцох эрхийг нь гурван сараар хасах шийдвэрийг энэ оны хоёрдугаар сард хүлээн зөвшөөрснөөсөө хойш анхны тэмцээндээ оролцсон Я.Синнерийн хувьд хоёрдугаар байр эзэлнэ гэдэг нааштай үр дүн юм.


Я.Синнер 1976 онд Адриано Панаттагийн амжилтаас хойш Италийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны итали тамирчин болохыг зорьж байсан боловч талаар болжээ. Харин бямба гарагт Жасмин Паолини 1990 оноос хойш тус тэмцээний ганцаарчилсан болон хосын төрөлд түрүүлсэн анхны итали эмэгтэй болсон юм.

Related news