Аргентинд нацистуудтай холбоотой их хэмжээний баримт материал олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-13 17:13:24

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны тавдугаар сарын 13 /Reuters/. Дэлхийн II дайны үед Аргентины эрх баригчдын хураан авсан нацистуудтай холбоотой олон арван хайрцаг баримт материал Дээд шүүхийн хонгилоос саяхан дахин олдсон байна. 


Нийт 83 хайрцаг материалыг Токио хот дахь Германы Элчин сайдын яамнаас 1941 оны зургаадугаар сард Японы Нан-а-Марү” хөлөг онгоцоор Аргентин руу илгээсэн гэж шүүхийн ажилтнуудын мэдээлэлд дурдсан байна.


Тухайн үед усан онгоцоор тээвэрлэсэн их хэмжээний баримт бичгүүд нь дайнд төвийг сахих Аргентины байр суурьд нөлөөлж болзошгүй гэж болгоомжилж байсан эрх баригчдын анхаарлыг татаж байжээ. Германы дипломат төлөөлөгчдийн зүгээс тухайн үед хайрцагнуудад хувийн эд зүйлс байгаа гэж мэдэгдсэн боловч Аргентины гаалийнхан түүврийн аргаар таван хайрцгийг нээж нэгжлэг хийсэн бөгөөд нацист дэглэмийн ил захидал, гэрэл зураг, суртал ухуулгын материал, мөн нацист намын гишүүдэд хамаарах олон мянган тэмдэглэлийн дэвтэр олжээ. Улмаар холбооны шүүгч баримт материалуудыг хурааж, Дээд шүүхэд шилжүүлсэн байна. Эдгээр эд зүйлсийг Аргентин руу юуны учир илгээсэн, Дээд шүүх тухайн үед ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна.


Харин 84 жилийн дараа шүүхийн ажилтнууд Дээд шүүхийн музейг байгуулахаар бэлтгэж байх явцдаа хайрцгуудыг олжээ. “Хайрцгуудын нэгийг онгойлгосны дараа бид дэлхийн II дайны үед Аргентинд Адольф Гитлерийн үзэл суртлыг бэхжүүлэн сурталчлах зорилготой материал болохыг тогтоосон гэж шүүхээс мэдэгдсэн байна.


Шүүх одоо хайрцгуудыг аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдээр тоноглосон өрөөнд шилжүүлж, тэдгээрийг хадгалах, тооллого хийхэд оролцуулахаар Буэнос-Айрес дахь Холокостын музейн ажилтнуудыг урьжээ. Мэргэжилтнүүд мөн нацистуудын ашиглаж байсан олон улсын санхүүжилтийн сүлжээ гэх мэт Холокостын талаарх өнөөг хүртэл тодорхойгүй байгаа мэдээллүүдтэй холбоотой ямар нэгэн сэжүүр байгаа эсэхийг тогтоох аж.


Аргентин улс 1944 онд Тэнхлэгийн гүрнүүдтэй харилцаагаа таслах хүртлээ дэлхийн II дайнд төвийг сахисан хэвээр байжээ. Өмнөд Америкийн тус улс дараа жил нь Герман, Японд дайн зарласан байна. Холокостын музейн мэдээлснээр, 1933-1954 онд Европ дахь нацистуудын хавчлагаас зугтан 40 мянган еврей хүн Аргентинд иржээ. Аргентин бол Латин Америк дахь еврейчүүд хамгийн олонтой улс юм.


Related news