БУЛГАН: Бүх нийтээр мод тарих өдрийг нээж 100 мод суулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-12 17:47:29

Булган, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтээр мод тарих өдөр”-үүдийн нээлтийг тавдугаар сарын 9-11-нд зохион байгуулж, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Булган аймгийн Байгаль орчны газрын дарга А.Гантөмөр нар үг хэлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг уриалан мод тарилаа.


Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа төр, төсвийн байгууллагууд нэгдсэн 3 байршилд мод тарина. Аймгийн хэмжээнд 2030 он хүрэхэд 20 сая ширхэг мод тарихаар төлөвлөж, 2025 оны байдлаар 1 962 245 ширхэг мод, бут тарьж ургуулаад байна.


Уг ажлыг хэрэгжүүлэхэд аймгаас доройтсон ойг нөхөн сэргээх, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх, цөлжилт, элсний нүүдлийг тогтоон барих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, тарилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бямба, ням гаргийг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласныг дэмжиж Булган аймгийн боловсролын газар хамт олноороо мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, 100 мод суулгалаа.


Булган аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын хамт олон “Бүх нийтээр мод тарих өдөр”-т нэгдэж хуваарьт газарт бургас, хайлаас тарилаа. 





Related news