СЭЛЭНГЭ: Түмэн хүүхдийн хүйн ээжээ дурслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-12 14:26:42

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Олон улсын “Эх баригчдын өдөр”, мөн Олон улсын “Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас “Хүйн ээж тандаа баярлалаа” дурсамж үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Дурсамж хэмээсний учир нь ажил амьдралынхаа бүхий л цаг хугацааг эрүүл мэндийн салбарт зориулан зүтгэж явсан нэгэн эрхэм эмчийг санан дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэн, орон нутагт нь түүний алдар гавьяаг мөнхжүүлэхийг зорьжээ.

 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн анхны суурийг тавьсан Б.Сагарвай эмчийг энэ удаа онцоллоо.

 

Тэрээр 1960 онд анх Түнхэлийн Мод бэлтгэлийн аж ахуйд аваарын бага эмчээр томилогдон ажилласнаас хойш 45 жилийн хөдөлмөрөө Түнхэлийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө зориулахдаа 10 мянга гаруй /түм/ хүүхдийг эх барьж авсан ач буянтай Хүйн ээж юм.

 

Энэхүү дурсамж үйл ажиллагааны хүрээнд тосгоны Эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнээс бүрдсэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоог зохион байгууллаа.

 

Мөн тосгоны ЭМТ-д Б.Сагарвай эмчийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн “Алдарын өргөө” үзэсгэлэнг зохион байгуулж, ЭМТ-ийн гадна талбайд дурсгалын мод тарижээ.

 

Дашрамд дуулгахад тосгоны удирдлагууд, Эрүүл мэндийн төвийн хамт олон, ЭМТ-ийн үе үеийн ахмад ажилтнууд, Б.Сагарвай эмчийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, тосгоны ард иргэд тосгоны ЭМТ-ийг эх баригч, бага эмч Б.Сагарвай агсны нэрэмжит болгох саналыг ирүүлжээ.

 

Дээрх үйл ажиллагаанд аймгийн ЭМГ-ын дарга, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ж.Од, Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 5-р баг буюу Түнхэл тосгоны иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Баттулга, тосгоны Эрүүл мэндийн төвийн хамт олон болон үе үеийн ахмад ажилтнууд тэр дундаа Б.Сагарвай эмчтэй он удаан жил хамтран ажилласан түүний хамтран зүтгэгч н.Пүрэвдагва эмч, Б.Сагарвай эмчийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, тосгоны ард иргэд оролцсон байна. 

Related news