Шилдэг татвар төлөгч ААН-үүдийг тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Татварын ерөнхий газраас 2024 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг (ААН) шалгарууллаа.
Татварын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг "Зөвлөн туслагч татварын алба" уриатай тэмдэглэж, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан том, дунд, жижиг, бичил сегментийн татвар төлөгчдийг тодруулав.
Татвар
төлөлтөөрөө тэргүүлэгч 10 ААН-ийг дурдвал:
- “Эрдэнэс Таван
толгой” ХК
- “Оюутолгой” ХХК
- “Эрдэнэт үйлдвэр”
ТӨҮГ
- “Энержиресурс” ХХК
- “Тавантолгой” ХК
- “Монголын алт МАК”
ХХК
- “Хаан банк” ХК
- “Голомтбанк” ХК
- “АПУ” ХК
- “Худалдаа
хөгжлийн банк” ХК тус тус шалгарчээ.
“Эрдэнэс таван толгой ХК” гэхэд өнгөрсөн онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 тонныг борлуулан, улс, орон нутгийн төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар төлжээ.
Тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал
ярихдаа, "Манай компани хамгийн их татвар
төлөгч компаниар хоёр дахь жилдээ шалгарлаа. Бидний
төлсөн татвар нийт татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь эрүүл
мэнд, боловсрол, бүтээн байгуулалт зэрэг нийгмийн суурь салбарын хөгжилд хувь нэмэр оруулж буйн илэрхийлэл юм" хэмээн онцлов.
Харин бичил бизнес үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн шилдгээр "Номин рент" ХХК, "Содон
ойл трейд" ХХК, "Эй Эм И Си" ХХК, "Доктор авто чейн" ХХК, "Абико фүүдс" ХХК тус тус шалгарсан
юм.
Татвар төлөгчдийн өдрүүд энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ. Татварын ерөнхий газраас хүүхэд залууст татварын мэдлэг олгох сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна татвар төлөгч иргэн, аж ахуй нэгж байгууллагад татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийг сурталчлан таниулах аж.