СЭЛЭНГЭ: Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх загвар бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө
сумын “А” зэрэглэлийн анхан шатны эрүүл мэндийн төвийг түшиглэн нарийн
мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх загвар бий болгоно.
Ингэснээр бүс нутгийн иргэдэд
шаардлагатай эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэх
боломж бүрдэх юм.
Монгол Улсын Засгийн газраас
баримталж буй төвлөрлийг сааруулж бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлого, чиглэлийн
хүрээнд дээрх боломж нөхцөлийн талаар гурван талт уулзалт, ярилцлагыг аймгийн
ЭМГ-аас зохион байгуулсан байна.
Уулзалт, ярилцлагад Ерөө сумаас
аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Х.Батцэнгэл,
аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, Ерөө сумын Засаг дарга Э.Одгарав болон сумын ЭМТ-ийн
дарга Д.Золжаргал мөн аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн
мэргэжилтнүүд оролцжээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн
газрын бүсчилсэн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах бодлогыг эрүүл мэндийн
салбарт хэрхэн хэрэгжүүлэх талаар талууд нэгдсэн ойлголтод хүрч, бодит ажил
болгох гарц, шийдлүүдийн талаар хамтран хэлэлцжээ.