ТӨВ: Хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Зуунмод
сум, Улаанбаатар хот хоорондын зорчигч тээвэрт 20 гаруй авто машин үйлчилдэг.
Гэхдээ хот хоорондын зорчигч тээврийн
үйл ажиллагаа тогтворгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Энэ талаар холбогдох албаны
хүмүүсээс дараах тодруулгыг авлаа.
Төв аймгийн Автотээврийн газрын дарга
Н.Аасүрэн “Хот
хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Чандмань хурд хоршоо”, “Алтан
жолоо найзуудын зам хоршоо”-ны хооронд үл ойлголцол байдаг. Тиймээс ачаа тээш
дайвар, цагийн нөхцөл байдлаас шалтгаалан үнэ төлбөрийн хувьд иргэдийг
бухимдуулах асуудал үүсдэг. Уг нь Драгон авто төвөөс гадна хотын төв рүү ч хот
хоорондын тээвэрлэлт хийх боломжтой. Гэхдээ зөвшөөрөхгүй байгаа учраас иргэдэд
буруу ойлголт өгч байна” гэлээ.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр “Хоршоод хоорондоо эв зүйгээ олоод
үйлчилгээгээ саадгүй явуулах, хот хооронд үйлчилгээ үзүүлж байгаа таксинуудыг
хаягжуулах, таних тэмдэг буюу стикер наах, жолооч нарыг нэгдсэн хүрэмтэй болгох
шаардлага байна.
Хөдөлгөөний удирдлагыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгодог байгууллагын хувьд “Камерын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлж, хулгайн тээвэртэй тэмцэх, хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан захиалгат тээврийн үйлчилгээг хөгжүүлэх нь зөв” хэмээн тодотгож, жолооч нарыг сургалтад хамруулах, үйлчилгээний соёлыг чанд мөрдүүлэх, иргэд, үйлчлүүлэгчидтэй зөв харилцах, ачаа тээш, дайврын үнийг нэг стандартад байлгах саналыг бэлэн болгох чиглэл өглөө.
Хэрэгжилтийг 5 дугаар сарын 15-нд эргэн
хянах, энэхүү шаардлагыг хангаагүй, эсэргүүцсэн жолоочийг түтгэлзүүлэх хүртэл
арга хэмжээ авахыг Төв аймгийн Авто тээврийн газрын удирдлага болон хоршоодод
үүрэг болгожээ.