Г.Энх-Амгалан: Жилдээ ганц удаа группээ сунгуулах гэж эмнэлэгт ханддаг хүмүүс ч байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-01 16:15:16

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох тухай журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор иргэдээс ирсэн саналын дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Г.Энх-Амгалантай ярилцлаа.

- Сүүлийн үед группээс хасагдсан тухай иргэд ярих боллоо. Та энэ тал дээр тайлбар өгнө үү. Ямар зүйл заалтаар хасагдаж байгаа вэ?

-2015 оны 1 дүгээр сард Засгийн газрын 11 тоот тогтоолоор Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрэм өөрчлөгдөж шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ХАХНХСайд, ЭМССайдын хамтарсан 2015 оны 06 сарын 17-ны өдрийн А/85/241 тоот тушаалаар “Иргэн даатгуулагчид хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх заавар”  2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  А252, А74  тоот тушаалаар “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт”-ыг тус тус шинэчлэн баталж, 2016 оны  07 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Энэхүү жагсаалтаар эмчилж, эрүүлжүүлж хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх хугацааг нарийн зааж өгсөн бөгөөд шинжилгээний өөрчлөлтүүдийг харгалзан үзэх, хуучин жагсаалтаар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоож байсан зарим заалтууд нь  хөдөлмөрийн нөхцөл өөрчлөх гэсэн заалт болж өөрчлөгдсөн. Зарим заалтууд нь нэлээд дэлгэрэнгүй болж хувь хугацаа нэмэгдсэн.  Энэ тушаалын дагуу аймгийн хэмжээнд нийт 2931 иргэн групп тогтоолгосон байдгаас 2016 оны 07 сарын 01-нээс хойш 67 хүн шинээр Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож, 90 хүн цуцлагдсан байна.

-Өмнөх жагсаалтыг шинэчлэх болсон шалтгаан нь юу юм бол? Мэргэжлийн эмч нарын зүгээс энэхүү шинэчлэгдсэн жагсаалтыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Эмнэлэг хөдөлмөр магадлалтай холбоотой хууль тогтоомжууд нь 1997-2008 онд батлагдсан байдаг. Цаг үедээ нийцүүлэхийн тулд ихэнх хууль тогтоомжуудыг 2015-2016 онуудад шинэчилсэн. Үүний тулд өвчний олон улсын 10 дугаар ангилал, олон улсад хөдөлмөрийн чадвар алдалт тогтооход баримталдаг өвчний жишиг жагсаалтуудыг үндэслэн ЭМЯ-ны дэргэдэх эмч нарын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, мэргэжлийн эмч нар болон Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүдээс хэд дахин санал авч 4-5 жилийн хугацаанд олон дахин хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр батлагдсан тул мэргэжлийн эмч нарын зүгээс зөв зүйтэй жагсаалт болсон гэж үзэж  байгаа. Тухайн хүний биеийн байдал, шинжилгээний өөрчлөлт, хяналт, эмчилгээний байдлаас хамаарч  үнэхээр биеийн байдал хүнд байгаа үед нь тодорхой хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоогоод, ээнэгшилд орж тогтонгишсон  үед нь хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцлах зарчмаар явагдаж байна.

-Ер нь иргэдийн эрүүл мэнддээ тавих анхаарал хэр байдаг вэ? Энэ журмаар иргэдийн хариуцлага улам өндөрсөж байгаа юм байна гэж ойлголоо.

-Иргэд болон эмч нарын аль алиных нь хариуцлага нэмэгдэж байгаа. Эмч нар өвчтөнөө тогтмол хяналтандаа авч заавар зөвлөгөө өгч эмчилж, эрүүлжүүлэх тал дээр голлон анхаарах ёстой. Мөн иргэд маань өөрөө эрүүл байх дадал хэвшилд суралцах, өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх, нэгэнт өвчилсөн бол эмч нарын заавар зөвлөгөөг даган хяналтанд байж эмчлүүлэх, эмчилгээний гам дэглэм сахих шаардлагатай. Нийгмийн даатгалын ЭМД 3 гэж программ байдаг. Энэ программ дээр тухай хүний эмчийн үзлэгт орсон, эм тариагаа авч хэрэглэж байгаа  эсэх нь бүгд харагддаг. Гэтэл зарим иргэд ихэвчлэн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд үзүүлж эмчлүүлэхгүй, жилдээ нэг удаа группээ сунгуулах гэж эмнэлэгт ханддаг ч хүмүүс байдаг.  Манай аймгийн хэмжээнд хугацаагүй групп тогтоолгосон 227 хүн бий. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор  тэдгээр хүмүүс ч яаралтай дахин магадлалд орох шаардлагатай.

Хэнтий Д.Одонтунгалаг

 

Related news