Олон улсын цэргийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх асуудлаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооын дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр ХБНГУ-ын Холбооны Аюулгүй байдлын бодлогын академийн ерөнхийлөгч Карл-Хайнц Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт эрчимжиж байгааг онцлоод тэр дундаа зэвсэгт хүчний салбарт нягт хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ноён Карл-Хайнц Камп УИХ-ын гишүүдийг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд олон улсын цэргийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх асуудлаар санал солилцохоор ирснээ уламжлав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын зэвсэгт хүчний салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.