Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-08 17:07:04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол, БНЭУ-ын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлав.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хирээр Монгол Улсын иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан ХЗЯ монголчууд ихээр зорчдог зарим улс орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс БНСУ, БНХАУ, Канад зэрэг 8 улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын 5 иргэн БНЭУ-д гэмт хэрэгт холбогдсоноос нэг иргэн хорих ялаар шийтгэгдэн 2011 онд суллагдсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНЭУ-д болон БНЭУ-аас Монгол Улсад ял эдэлж буй иргэн байхгүй хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ч.Ариунболд

Related news