Орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлыг эрэмбэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-16 21:32:36
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжийн бодлогын хэлтсийн захиалгаар “Олон нийтийн оролцоотой хөгжлийн төв” ТББ 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлыг эрэмбэлсэн судалгаа хийжээ.

Судалгааг аймгийн удирдлагуудад танилцуулав. Орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын арга хэмжээг санхүүжүүлэх, иргэдийн амьдрах таатай орчинг бүтээн байгуулах арга хэмжээг санхүүжүүлдэг юм. Иймд ирэх онд уг сангаар ямар ажлыг хийх нь оновчтой вэ гэсэн утга бүхий 26 асуулгаар 10 мянган өрхөөс судалгаа авсан гэж “Олон нийтийн оролцоотой хөгжлийн төв” ТББ танилцууллаа.

Судалгааг анкет асуулга, хэлэлцүүлэг, цахимаар явуулжээ. Судалгааны дүнд Орон нутгийн хөгжлийн сангаар 2017 онд хамгийн эхэнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гудамж талбайн нөхцөлийг сайжруулах, камержуулалтыг нэмэгдүүлэх санал гарчээ. Гэвч орон нутгийн удирдлагууд дээрх төрийн бус байгууллагыг  “Эрдэмтдийн зөвлөл” болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй ярилцаж дахин нарийвчилж гарга гэсэн чиглэл өглөө.

Б.Оюун-Эрдэнэ

Related news