У.Хүрэлсүх: Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд ойртуулах их үйлсэд эрдэмт мэргэн гүүш орчуулагчдын бүтээл туурвилын үнэ цэн хосгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Монголын Орчуулагчдын анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус чуулганы оролцогчдод хандаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уншиж танилцуулсан юм. Уг мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.
Тэрбээр "Эрхэм хүндэт хэлмэрч, орчуулагчид аа,
Эрдэмтэн судлаачид аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Монголын орчуулагчдын анхдугаар чуулганы оролцогч Та бүхэнд
олон улсын орчуулгын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа, ард түмэн хоорондын
найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд орчуулагчдын үүрэг оролцоо үлэмж их
юм.
Монгол үндэстэн үүсэн бүрэлдэж, төр улсаа байгуулсан үеэс өнөөг хүртэл оршин тогтносон бүхий л цаг үед орчуулах, хэлмэрчлэх үйл хэргийг төрийн бодлогоор хөгжүүлж ирсэн баялаг уламжлалтай билээ. Тулгар төр байгуулагдсан үед манай өвөг дээдэс хаан эзэд Хань Улсын хаадтай хэлмэрчээр дамжуулан харилцаж байсан мэдээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Улмаар Хятаны үед орчуулгын хүрээлэн, Хубилай хааны зарлигаар улсын түүх зохиох, сонгодог зохиол орчуулах хүрээлэнг тус тус байгуулан ажиллуулж байжээ.
Дундад зууны үед монголчууд уйгур, перс, араб, төвөд, санскрит хэлнээс дэлхийн утга зохиол болон төрөл бүрийн мэдлэг ухааны зохиолыг монгол хэлнээ орчуулж, монгол бичиг, дөрвөлжин үсгээр хэвлүүлж байв. Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний үед олон хэл, соёлтой бусад үндэстнийг нэгэн төрийн дор зангидан захирч, харьяат олон иргэн эв найртай зэрэгцэн оршиж, олон шашныг харшуулахгүй тогтоон барьж байсны нэг гол хүчин зүйл бол онч мэргэн олон хэлмэрчийг шилж сонгон, хааны зарлиг, хууль цаазыг зөв оновчтой дамжуулан хүргэдэг төрийн нарийн тогтолцоотой байсанд оршино.
Тэр цагийн хэлмэрчдийн мэдлэг, чадвар төгс байсан учраас дундад зууны олон үндэстэн угсаатны хэлэнд “хэлмэрч” хэмээх үг уг утга, дуудлагаа хадгалан нэвтрэн орсныг хэл шинжлэлийн өнөө цагийн эрдэмтэд нотлон тогтоожээ. Хожим Бурхан багшийн сургаалын цоморлог Ганжуурыг орчуулж, түүнд дулдуйдан Данжуурыг орчуулахын тулд олон дуун хөрвүүлэгч, гүүш нар нэгдэж, 1742 онд “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг” хэмээх нэр томьёоны толийг зохиохдоо монгол орчуулгын онол, зарчмыг тогтоосон түүхтэй.
Үндэсний сэтгэлгээний илрэл, дуун ухааны хөгжил дэвшлийн нотолгоо, дорно дахины соёлын ололтод нөлөөлсөн энэхүү нандин бүтээлийн модон барыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн баримтат өвд бүртгэсэн нь тухайн бүтээл дэлхийн ховор нандин бүтээл болохыг илтгэж байна. Ардын хувьсгалын жилүүдэд Европыг зорьж, боловсрол эзэмшсэн залуу сэхээтнүүд өрнө дахины соёл, утга зохиолын цонхыг дахин нээж, монголчууд бид дэлхийг бүхэлд нь тольдох болсон билээ.
Орчуулгын үйл хэрэг XX зуунд өргөжин хөгжиж, дэлхийн олон хэлнээс уран зохиолын бүхий л төрөл жанраар орчуулан, орчуулгын шүүмж судлал хөгжиж, хүүхэд багачуудаас өвгөд хөгшид хүртэл бүхий л насныхан гаднын бүтээлийг монгол зохиол мэт сэтгэн, амтархан унших болсон нь тухайн үеийн орчуулгын чанар чансааг илтгэдэг.
Эдүгээ манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулж буй энэ цаг үед хэлмэрч, орчуулагчдын мэдлэг чадвар, торгон мэдрэмж, туйлбартай зан, үүрэг хариуцлага илүү чухал болж байна.
Монголынхоо сор болсон оюуны охь бүтээлүүдийг дэлхийд таниулан, дэлхийн мэргэдийн бүтээлийг монголчууддаа нээж, эх орноо гадаадад сурталчлан таниулан, дэлхийг Монголд, Монголыг дэлхийд ойртуулах их үйлсэд оюун ухаан, авьяас чадвараа зориулж ирсэн эрдэмт мэргэн гүүш орчуулагч нарын хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилын үнэ цэн хосгүй билээ. Орчуулгын мэргэжилтэн сурган бэлтгэдэг багш судлаачид, эх орноо гадаадад сурталчлан таниулах, улсынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө хүчин зүтгэдэг гадаад харилцааны албаны ажилтнууд, мэдээ мэдээлэл, кино контент орчуулагч, орчуулгын программ хөгжүүлэгч, орчуулгын товчоод, сайн дурын эвлэл, холбооны гишүүд Та бүхэнд болон үе үеийн нийт орчуулагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдрийн Монголын орчуулагчдын анхдугаар чуулганаар Та бүхэн орчуулгын салбарын тулгамдсан асуудал, орчуулагч, хэлмэрч мэргэжилтний ур чадвар, орчуулгын бүтээлийн чанар, стандартыг үнэлэн дүгнэж, олон улсын цахим орчуулга, хиймэл оюуны орчуулгын чиг хандлага, манай улсын хөгжүүлэлтийн түвшнийг хэлэлцэн, орчуулгын салбарын хөгжлийн шийдлээ зураглан, цаашдын зорилго, хүний нөөцийн бодлогыг тодорхойлно гэдэгт илтгэл төгс байна. Монголын орчуулагчдын анхдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, чуулганы нийт оролцогч, орчуулагч Та бүхний оюуны их бүтээлч үйл хэрэгт өндөр амжилт хүсье.
Монголын орчуулгын салбарынхны үйл хэрэг үеийн үед өргөжин
хөгжиж, монголчуудын сор бүтээлүүд төгс орчуулгатайгаар дэлхий дахин түгэн
дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэлээ.