ӨВӨРХАНГАЙ: Ирэх 7 дугаар сард тэмдэглэх баярууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-24 18:31:13

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт жил бүрийн зуны сард Сарлагийн баяр, Эсгий урлалын баяр болдог. Энэ жил 7 дугаар сарын 22-нд Хужирт сумын Тээлийн ам хэмээх газарт “Монгол эсгий урлалын баяр”, 7 дугаар сарын 23-нд Бат-Өлзий сумын Өндөр хясаа хэмээх газарт Сарлагийн баяр болох юм.


Хонины ноосоор эсгий урлаж, гэр сууцаа барих нь нүүдэлчин монгол түмний өв соёл бөгөөд ихэвчлэн зуны сүүл, намрын эхэн сард өдрийн сайныг сонгон товлож, нутаг усныханд зар тараан идээ цагаа, шүүс бэлтгэдэг заншилтай. Эсгий татах газар нь ус, ногоо элбэгтэй тэгш газар байх ба эр хонь, төлөгний уртын ноос, намрын ахрын ноос, шинэ хурганы ноосыг урьдчилан бэлтгэж хийнэ. Эсгийнд эм хонины ноосыг оруулахгүй, ноосыг зулахдаа нимгэн зузааныг тохируулах, нуурын ус эсгийг шарлуулдаг учраас худгийн ус хэрэглэх гэхчлэн тусгай технологиуд бий.



Эсгий хийх уламжлалт арга барил жилээс жилд мартагдаж, үйлдвэрийн бэлэн эсгийг хэрэглээндээ худалдан авдаг болсон энэ цаг үед Өвөрхангай аймаг “Монгол эсгий урлалын баяр”-ыг эвент болгон тэмдэглэж байгаа нь үндэсний өв уламжлалаа хадгалан үлдэх, үр хойчдоо өвлүүлэх, нүүдэлчин ахуй соёлоор дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татаж нутгийн иргэдэд орлого олох боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


Эсгийний баярын үеэр эсгий хийхээс гадна эсгийгээр төрөл бүрийн гар урлалыг урлах, хонь хяргах, ширмэл ширдэг ширэх, утас ээрэх, цагаан идээ боловсруулах зэрэг олон төрлийн уралдаан, тэмцээн, үзэсгэлэн худалдаа болдог бөгөөд гадаадын жуулчид олноор ирж үзэж сонирхдог байна.



Харин Сарлагийн баярыг тус аймгийн хамгийн их сарлагтай Бат-Өлзий сумын нутагт зохион байгуулж хэвшсэн. Ирэх 7 дугаар сарын 23-нд 15 дахь жилдээ тэмдэглэх бөгөөд энэ үеэр сарлаг уралдуулах, булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагтай сайхан хосыг шалгаруулах зэрэг нүүдэлчин амьдралын хэв маяг, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг үзэж сонирхох боломжтой юм.


Түүнчлэн энэ үеэр сарлагийн хөөврөөр хийсэн хувцас, суран эдлэл, сарлагийн сүүн ааруул, ээзгий, чихэр, монгол архи зэргээр үзэсгэлэн гаргаж, монгол сарлагийн онцлог, ашиг шим, бүтээгдэхүүнийг сурталчилдаг.

Жилээс жилд тоо толгой нь цөөрч буй сарлагийн үнэлэмжийг нэмэгдүүлж, өсгөн үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, түүгээр дамжуулан орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн өрхийн орлогыг дэмжихэд "Сарлагийн баяр" бэсрэг наадам чухал нөлөө үзүүлж байна. 


Бат-Өлзий сум нь Улаанбаатар хотоос 450 км, Өвөрхангай аймгийн төвөөс баруун хойш 140 км.т байрладаг ба Сарлагийн баяр болдог "Өндөр хясаа" хэмээх газар нь сумын төвөөс баруун тийш 20 орчим км газарт Орхон голын гүүр орчимд оршино.


Хужирт сум Улаанбаатар хотоос 390 км, Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос хойшоо 90км-ийн зайд оршдог.



Related news