Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-05-23 12:08:37

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.


Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр хэмээн энэ өдрийг хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурхны шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.


Энэ өдөр энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санаж, амьтны амь таслах, эс өгснийг авах, худал ярих зэрэг муу үйл бүхнийг тэвчин бусдыг хүндлэн уучилж, эгнэшгүй буян хураан тэмдэглэх учиртай ажээ.


УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. 




Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд энэ өдөр "Түвийн чог" хэмээх бурхан багшийг тахин баясгах уншлагат зан үйлийн хурал хурдаг. 


Энэ өдөр үйлдсэн нэгэн тоот буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэл явдал мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт аль чадахаар шамдах хэрэгтэй аж.





Related news