Гурван өдөрт 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-06 19:46:00
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын Дунжингарав цогцолборт 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа ирэх ням гарагт өндөрлөнө. 

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 79 үйлдвэрлэл эрхлэгч болон 50 гаруй аж ахуй нэгж, 13 хоршоо, 200 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчид давхардсан тоогоор 200 гаруй нэр төрлийн  бүтээгдэхүүнээр оролцож байгаа нь урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгааг онцолж байлаа. Үзэсгэлэн худалдаа эхлээд гурван өдөр өнгөрч байгаа ч өнөөдрийн байдлаар 120 сая төгрөгийн борлуулалт хийсэн талаар үзэсгэлэн худалдаанд оролцогчид хэлж байлаа.

Мөн Алтанбулаг, Эрдэнэ, Борнуур, Баянчандмань, Бүрэн болон Баяндэлгэр зэрэг сумдын брэнд бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн таашаалд нийцэж чанараараа тэргүүлж эхэлснийг зохион байгуулагчид онцолж байна. Тэдний дундаас Баянчандмань сумын “Чандмань Оргил” ХХК -ийн үйлдвэрлэсэн "Шүүдэр" буюу 7 төрлийн нойтон салфетка худалдан авагчдын сонирхлыг хамгийн их татаж байв. Иргэд ч үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн чанартай, хямд төсөр хэмээн ам сайтай байна. Тус компани эхний гурван өдрийн байдлаар 500 мянган төгрөгний борлуулалт хийжээ. Үүнээс гадна тэд Дархан-Уул, Орхон, Дундговь, Улаанбаатарт газруудад  түгээлт хийгдэг бөгөөд сардаа дунджаар 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийдэг гэлээ.

Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэн худалдааны гол онцлог нь "Нэг сум нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаагаар дамжуулан  мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад чиглэгдэж байгаа бөгөөд тал хээрийн сумдад шаардлагатай өвс тэжээлийн бэлтгэн нийлүүлэгчээс шууд хэрэглэгчдэд нийлүүлэх нөхцлийг бүрдүүлж, үйлчилгээг ойртуулж байгаараа давуу талтай бөгөөд малчдын гар дээр хямд өртгөөр хүрж байгааг байгуулагчид хэллээ.

Т.Есүхэйтөмөр

 

Related news