ТӨВ: Ургийн бичиг хөтлөх сургалт эрэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-25 08:52:59

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Ураг удам, уламжлалын холбооны тэргүүн Ч.Жадамба “ Ургийн бичиг угийн үндэс “ сургалтыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулж байна.

 

Тус сургалт нь айл өрх бүр угийн бичгээ нандигнан хөтөлж, он оноор баяжуулж, үр хүүхдүүддээ зааж сурган өвлөн уламжлуулах, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг таниулах зорилготой юм.

 

Он гарсаар 4 байгууллага аж ахуйн нэгж, 100 гаруй иргэнд угийн бичгийн мэдээллийг хүргэсэн байна.

 

Тус сургалтын талаар Төв аймгийн Ураг удам, уламжлалын холбооны тэргүүн Ч.Жадамбаас тодруулбал, “Угийн бичиг хөтөлснөөр бид ураг, удмаа хамгаалж, цус ойртолтоос сэргийлж, оюунлаг, эрүүл саруул иргэдтэй байж чадна. Хүн судлалын үндэсний төвийн захирал агсан ШУГЗ Ж.Батсуурийн хэлснээр, Сүүлийн жилүүдэд хүн ам дахь цус ойртолт үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн судалгааг гаргасан байдаг. Манай хүн амын 97.24 хувь шууд, 2.76 хувь алсуур цус ойртсон гэж үзсэн байна.


Цус ойртсны улмаас 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар өвдөх, уруул тагнай сэтэрхий, нугас нь ивэрхий, зүрхний гажигтай төрдөг. Иймд угийн бичгийг монгол хүн бүр маш сайн хөтөлж байх хэрэгтэй байна. Сүүлийн үед байгууллага, аж ахуйн нэгжүүд ийм төрлийн сургалт авч байгаад их талархаж байна ” гэв.  

Related news