Гаалийн 4 бүсэд өдөрт 10-15 тонн ачааг хянан шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-19 08:01:27

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Гаалийн байгууллага шуудан илгээмжид хийж буй хяналт, шалгалтыг сайжруулж,  үйлчлүүлэгч, олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг Буянт-Ухаа дахь олон улсын DHL гаалийн хяналтын бүсэд зохион байгууллаа.


Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь “Монгол шуудан”, “Монгол инфинити”, Ди-Эйч-Эл” (DHL),  “Монгол шуудан-нисэх” гэсэн гаалийн хяналтын 4 бүсэд, өдөрт дунджаар 3800 орчим хүлээн авагчийн 10-15 тонн ачаанд гаалийн хяналт, шалгалтыг хийж байгааг хяналт, шалгалтын гаалийн Улсын ахлах байцаагч Б.Энхтүвшин танилцууллаа.


Гаалийн байгууллага рентген аппарат, эрэлч нохой, шаардлагатай нөхцөлийн үед хар тамхи шинжлэн таних зөөврийн төхөөрөмж ашиглан хянан шалгаж, шуурхай байдлаар өдөрт нь гүйцэтгэж, илгээмж, ачаа барааг шуудангийн байгууллагад шилжүүлдэг талаар Гаалийн ерөнхиий газар (ГЕГ)-ын олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амар мэдээлэв.


Улсын хилээр орох чиглэлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, сүүлийн үед нэн шинэ төрлийн  бодисыг шуудан илгээмж ашиглан нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарсаар байна. Дээрх бодис нь “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын хориглох жагсаалтад заасан байдаг аж.


Сүүлийн жилүүдэд цахим худалдаа эрчимтэй хөгжиж, шуудан илгээмжийн тоо нэмэгдсээр байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар 2024 оны эхний 3 сард 588.3 тонн ачааг хянан шалгаж ажиллажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 

Related news