ХОВД: Үзлэгт хамрагдсан хүүхдийн 85.2 хувь нь шүд цооролтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-17 13:35:11

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Судалгаагаар 17 хүртэлх насны хүүхдийн шүдний өвчлөл, ялангуяа шүд цоорох эмгэг нэмэгдэж байна.


Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Үүнээс 39.1 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд, 60.9 хувь нь 18-аас дээш насны иргэд юм.


Өнгөрсөн онд "Эрүүл шүд" үйл ажиллагаа өрнүүлж, Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургууль, Үенч, Мөнххайрхан сумын сургуулийн 9000 гаруй хүүхдийг үзлэгт хамруулснаас 7671 хүүхэд буюу 85.2 хувь нь шүдний цооролтой гэж оношлогджээ.  


Иймээс Ховд аймаг шүдний өвчлөлийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилт дэвшүүлж, “Эрүүл шүд 2024-2027” сэдэвт үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр боллоо.  

Энэ хүрээнд цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ба амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, эмгэгийг бууруулах чиглэлээр ажиллах юм.

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шүдний тасаг, хувийн хэвшлийн долоон шүдний эмнэлэг ажиллаж байна. Мөн Булган, Үенч суманд шүдний кабинет ажиллаж байгаа ба цаашид Мөнххайрхан, Буянт, Зэрэг суманд шүдний кабинет ажиллах юм.  

Эдгээр байгууллагыг
түшиглэн “Эрүүл шүд” үйл ажиллагааны хүрээнд урьдчилсан байдлаар дөрвөн  зорилт бүхий  23 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

Related news