Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-04-16 15:53:03

БИШКЕК, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /AKIpress/. Киргиз улсад 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Соросын сан тус улсад ашгийн бус байгууллагын тухай хууль батлагдсантай холбогдуулан үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгджээ. 


"Олон улсын нийгэмлэгүүдээс санхүүждэг байгууллагуудын үйл ажиллагаанд зүй бус, шаардлагагүй хязгаарлалт тавьсан шинэ хууль батлагдсантай холбогдуулан сангийн үйл ажиллагааг зогсоож байна” гэж Соросын сангийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.


"Тус байгууллага Киргиз улсад 30 шахам жил үйл ажиллагаа явуулахдаа "төр болон иргэний нийгмийн аль алинтай нь хамтран ажиллаж"  төрөл бүрийн төслүүдийг дэмжихэд 115 сая орчим ам.доллар олгожээ. Эдгээр төслийг боловсрол, нийгмийн эрүүл мэнд, шинэ дижитал технологи нэвтрүүлэх, эрүүгийн эрх зүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн санаачилгуудыг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн" гэж мэдэгдэлд дурдаад "Сорос-Киргиз” сан нь ашгийн бус байгууллага боловч гадаадаас санхүүждэг тул хууль эрх зүйн шинэ хязгаарлалтанд орох нь дамжиггүй. Үүнээс гадна, "улс төрийн үйл ажиллагаа" гэсэн туйлын тодорхойгүй агуулга нь Сан болон түүний түншүүдийн хувьд сөрөг үр дагавар эсвэл урьдчилан таамаглах аргагүй эрсдэлд хүргэнэ" гэдгийг тэмдэглэжээ.


Ашгийн бус байгууллагын тухай хуулийг Киргизийн парламент гуравдугаар сард баталж, Ерөнхийлөгч Садыр Жапаров дөрөвдүгээр сарын 2-нд гарын үсэг зуржээ. Уг баримт бичгийг хэд хэдэн удаа засаж, эцэслэн боловсруулсан байна. Үүний үр дүнд ашгийн бус байгууллага байгуулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалтыг иргэдийн хувийн эрхэнд халдсан гэж үзэн хасжээ. Энэхүү хуулийн төсөл нь С.Жапаров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар захидал солилцох шалтгаан болсон байна.


Э.Блинкен хуулийн төслийг Киргизийн парламентаар хэлэлцүүлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж, "өнөөгийн нөхцөлд уг хууль нь АНУ-ын засгийн газар, олон улсын түншүүдийн дэмжлэгтэйгээр ашгийн бус байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр дамжуулан Киргизийн иргэдийг эрүүл мэнд, боловсрол зэрэг амин чухал үйлчилгээнд хамрагдахад эрсдэл учруулж байна" гэжээ.


С.Жапаров хариу захидалдаа, уг хуулийн төслийн зорилго нь Киргиз улсад үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой, оновчтой болгоход оршиж байгааг тайлбарлаад, Киргизийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг Вашингтонд уриалсан байна. 


Ашгийн бус байгууллагууд хаанаас, гадаадын ямар эх үүсвэрээс, ямар зорилгоор санхүүждэг вэ гэдгийг нийгэм, төр харж хянаж байх ёстой. Бидний зүгээс тэдэнд тавьж буй шаардлага тодорхой бөгөөд олон нийт дэмжсэн. Мөн Үндсэн хууль болон олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй бүрэн нийцэж байна” гэж С.Жапаров онцлон тэмдэглэжээ.


Түүний мэдээлснээр бол Киргизэд гадаадын хандивлагчдын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг 2000 орчим ашгийн бус байгууллага байдаг бөгөөд тэдгээр нь гадаадын төлөөлөгчийн хувиар дахин бүртгүүлэх ёстой.

Related news