ДУНДГОВЬ: Дэмжлэгийн багийн оролцоотой менежментийг хөгжүүлэх тухай илтгэл 3 дугаар байрт шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-11 07:42:51
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зохион байгуулдаг Үндэсний эрдэм шинжилгээний хуралд Дундговь аймгийн Сайнцагаан сумын улсын тэргүүний III цэцэрлэгийн багш нар илтгэл тавин оролцож, гуравдугаар байрт шалгарчээ.


Тус цэцэрлэгийн багш нарын баг энэ удаа “Дэмжлэгийн багийн хамтын оролцоотой байгууллагын менежментийг хөгжүүлэх нь” асуудлыг дэвшүүлсэн байна. Асуудлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дэмжлэгийн багийн хамтын оролцоог хангаснаар тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг хандлагыг төлөвшүүлэх, сайн туршлага бий болгон байгууллагын менежментийг сайжруулах зорилго тавьж, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотын цэцэрлэгийн багш нарыг судалгаанд хамруулсан байна. 


Судалгааны талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуягаас тодруулахад, “Хөгжлийн бэрхшээлтэй буюу хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг цэцэрлэгт тэгш хамруулахад тухайн бүлгийн багшид илүү их ачаалал ирдэг бөгөөд багш ийм хүүхдүүдтэй харилцах, хөгжүүлэх арга зүйгээ олдоггүй. 


Тиймээс дэмжлэгийн баг тухайн хүүхдийг оношилж, бодит байдлыг нь тодорхойлсны үндсэн дээр түүнийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, ингэснээр багшийн ачааллыг бууруулж, арга зүйг нь үнэлэх шалгуур тодорхой болдог. Менежментийн хамгийн чухал зүйл бол багаар ажиллах, баг дотроо дэмжлэгийн баг хамгийн оролцоотой баг байдаг. Тэгэхээр баг хамт олны ажиллагаа хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллах багшаас эхэлж байгаа бөгөөд багийн ажиллагаа сайн байх тусам байгууллагын менежмент сайжирна гэсэн агуулгаар илтгэлээ тавьсан юм.


Бидний судалгаанд дээрх аймаг, Улаанбаатарын зарим цэцэрлэгийн 70 орчим багш хамрагдсан. Асуудал юунд байна вэ гэхээр зарим цэцэрлэгт дэмжлэгийн баг ажилладаггүй, хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллах хөтөлбөр байхгүй, тухайн хүүхэдтэй ажиллаж байгаа багшийн ажлыг үнэлж, нэмэгдэл өгдөггүй байна. Дэмжлэгийн баг ажиллахгүй байгаагаас хөгжлийн ялгаатай хүүхдийг хөгжүүлэх асуудал, түүнтэй ажиллаж байгаа багшийн ачаалал шийдэгдэхгүй байх сөрөг талтай. Тиймээс л судалгааны дүнд үндэслэн дэмжлэгийн багийн оролцоог сайжруулах, ингэснээр цэцэрлэгийн менежментийг сайжруулах боломжтой гэсэн санааг дэвшүүлсэн юм.


Үндэсний эрдэм шинжилгээний тус хуралд энэ жил 29 цэцэрлэгийн багш нарын баг илтгэлээ тавилаа. Манай хамт олон тус хурлаас хоёр дахь удаагаа “Үндэсний шилдэг илтгэл” шагнал хүртсэн. Маш их баяртай байна” гэлээ. 

Related news