ТӨВ: Суралцагчид онолын мэдлэгээ дадлагын баазад түшиглэн бататгадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-09 17:31:32

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймаг дахь Политехник коллеж энэ сарын 9-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт тус коллежийн оюутнууд, ЕБС-ийн 9-р ангийн сурагчид, Зуунмод сумын зургаан багийн ажил хайгч болон мэргэжил эзэмшихээр төлөвлөж байгаа иргэд оролцов.

 

Өдөрлөгөөр мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын тухай танилцуулга, сургалтууд, хичээлийн байр, дадлагын газруудыг танилцуулав.

 

Мөн сурагчдын дунд танин мэдэхүйн асуулт, хариултын “Алтан хонх”, “3х3” сагсан бөмбөгийн тэмцээн, “Бид ирээдүйн тогооч” ур чадварын уралдааныг зохион байгууллаа.  

 


Үйл ажиллагааг нээж Төв аймаг дахь Политехникийн коллежийн захирал Б.Жаргалмаа үг хэлэхдээ, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, өндөр ур чадвартай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.  

 

Политехник коллеж нь онолын мэдлэгээ дадлагын баазад түшиглэн хөгжүүлж, бататгадаг гэдгээрээ онцлог. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсролын сургуулийн ач холбогдол, үнэ цэн нэмэгдэж, түүнийгээ дагаад мэргэжлийн ангиудаа нэмэх шаардлага гарч байна" гэв. 


Өдөрлөгт оролцсон Зуунмод сумын 5 дугаар багийн иргэн Г.Алтанцэцэг, "Анх удаа ийм өдөрлөгт оролцож байна. Ирэх намраас зорилгоо тодорхойлоод, мэргэжлээ сонгоод суралцах бодолтой байна. Тогоочийн ангийн оюутнууд нарийн боов, зууш бэлтгэсэн байсныг амталгаа хийж үзээд надад тогоочийн анги нь их таалагдлаа. Гэхдээ бас мэргэжлийн олон сонголттой болчихвол илүү их зүйлс сурмаар санагдав. Орон нутагтаа төлбөр төлөхгүйгээр мэргэжил эзэмших боломж байна гэдэг нь сайхан байна" гэв. 


Магадлан итгэмжлэгдсэн Төв Политехник коллеж нь 40 жилийн хугацаанд 20 мянга гаруй мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэсэн байна. Түүнчлэн жилд 13 мэргэжлээр 350 гаруй оюутан, суралцагч сурдаг.

 

Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдон 600 хүүхдийн хичээлийн байр, 120 хүүхдийн дотуур байр, онолын болон үйлдвэрлэлийн дадлага хийх 20 танхимтай юм.

 

Related news