ДУНДГОВЬ: Мал эмнэлгийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-09 14:11:26
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мал эмнэлгийн салбарын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Мандалговь хотод болж байна. Тус зөвлөгөөнд 15 сумын Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нар, аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, 60 орчим хүн оролцож байна.


Тус зөвлөгөөнөөр мал эмнэлгийн салбарын 2023 оны ажлын үр дүн, 2024 оны зорилго, зорилт, салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын тухай хэлэлцэж, санхүүгийн тайлан гаргах, зөрчил шалган шийдвэрлэх, бизнесийн төсөл боловсруулах арга зүй зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагаас мэдээлэл хийлээ.


Мал эмнэлгийн салбарын нэгдсэн зөвлөгөөн, шийдвэрлэх асуудлын талаар аймгийн Мал эмнэлгийн дарга И.Жавхлантаас тодруулахад: “Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудал, цаашдын зорилтыг зөвлөгөөнөөр хэлэлцэж байна. Энэ салбарын үйл ажиллагаа малчдын хариуцлага, хандлагатай шууд холбоотой. Зарим малчин хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, эрүүл мэнд, цагдаа, сургууль гэх мэт төрийн байгууллагууд шиг үнэгүй үйлчилгээ авах ёстой гэж боддог. Яг үнэндээ мал эмнэлгийн нэгжүүд хувийн тооцоон дээр ажилладаг хувийн байгууллага. Тиймээс үйлчилгээ үзүүлэх нь төлбөртэй л гэсэн үг.


Малчид товлосон хугацаанд малаа бэлэн байлгах, тухайн малд үзлэг, тандалт, тарилга хийх зэрэгт малын эмчийн аюулгүй байдлыг хангадаггүй, дуудлага өгөөд төлбөрөө өгдөггүй, эм, тарианы тооцоогоо хийдэггүй зэрэг асуудал яригдаж байна.  


Түүнээс гадна малын өвчлөл их байна. 2022-2023 онд бог малын өвчин их гарч, хүнд байлаа. Одоо ч гэсэн 2-3 суманд цэцэг өвчин гарсан. Хувийн мал эмнэлгүүд малыг эрүүл байлгах үүрэгтэй хэдий ч өвчин гарч байгаа нь мөн л малчдын хариуцлагатай холбоотой. Саахалт айлынх нь малд мялзан өвчин гарлаа, малынхаа хариулга, маллагааг сайн байлга, дагаж яв гээд анхааруулаад байхад л тэгдэггүй, малаа өвчлүүлчихдэг. Өвчин гарлаа гэхэд малын эмч нар халуунд халж, хүйтэнд хөрч үүнтэй тэмцэж байна.


Суманд 1-2 хүнтэй Мал эмнэлгийн тасаг ажиллаж байна. Сум бүр өнөөдөр байцаагчтай болж чадахгүй байгаа. Аймгийн 15 сумаас зөвхөн 3 суманд л Мал эмнэлгийн байцаагч ажиллаж байна. Энэ нь хүний нөөцийн хангалт, сум орон нутагт залуучууд очиж ажиллах хүсэлгүй, орчин нь тэдний хүсэл, сонирхлыг хангаж чадахгүй байгаатай холбоотой.


Малчид тун анхааралтай, болгоомжтой, хууль, журмаа сахин биелүүлдэг, хүн амыг эрүүл хүнсээр хангах үүргээ биелүүлэхийн тулд хариуцлагатай байх хэрэгтэй юм. Зөвлөгөөнөөр цаашид хэрхэн ажиллах, ямар үйл ажиллахаа ярилцана” гэлээ. 



Related news