СЭЛЭНГЭ: “Цэмцгэр сүхбаатарынхан” аян цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-10 09:43:33

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Засаг даргын а/114 тоот захирамжаар "Цэмцгэр сүхбаатарынхан" ногоон хотын төлөө хамтдаа аяныг зарлалаа.

 

Аяныг энэ сарын 1-нээс 6 дугаар сарын 1-нийг хүртэл 2 сарын хугацаатай зарлаж байгаа бөгөөд сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхэд  гол зорилго нь чиглэжээ.

 

Аяны хүрээнд сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хороолол болон орон сууцны байруудын гадна, дотно цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулах.

 

Мөн үерийн далан суваг, гуу жалганд ил задгай хогийн цэггүй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот дотор мод тарих хөдөлгөөн өрнүүлэх юм.

 

Түүнчлэн хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй балгас, суурь, зөвшөөрөлгүй барьсан гарааш объектуудын судалгааг гаргаж холбогдох арга хэмжээг авах аж.

 

Мөн ашиглахгүй орхисон гэрлийн шон, модыг устгах, сүлжээ, холбооны утас, эвдэрч гэмтсэн ил худгуудыг далд оруулах зэргээр иргэдийн ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Related news