Дэлхий даяар 385 сая хүүхэд хэт ядуу нөхцөлд амьдарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-10-04 10:58:23

НҮБ./AP/. Хөгжиж буй орнуудад амьдарч буй нийт хүүхдүүдийн тавны нэг нь хэт ядуу амьдралыг туулж байна хэмээн Дэлхийн банк болон НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан тайланд дурджээ.

Даваа гарагт нийтлэгдсэн “Хэт ядуурлыг эцэс болгох: Хүүхдэд анхаарлаа хандуулах нь” тайланд дурдсаныг үзвэл, 2013 оны байдлаар хөгжиж буй орнуудын нийт хүүхдүүдийн 19.5 хувь нь өдөрт 1.90 доллар буюу үүнээс ч бага орлоготой өрхүүдэд амьдарч байна. 

Тодруулбал, дэлхий даяар 385 сая хүүхэд хэт ядуу нөхцөлд амьдарч байгаа юм.

“Хүүхдүүд хэт ядуу нөхцөлд амьдарч байгаагаас гадна ядуурлаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд хүүхдүүдэд хамгийн их хөнөөлтэй байна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд бүр ч муугаар нөлөөлж байгаа бөгөөд элдэв гачигдлын улмаас тэдний оюун ухаан, бие махбодийн хөгжил доод түвшинд байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Энтони Лейк мэдэгдлээ.

Хэт ядуу нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн 50 хувь нь Африкийн Сахарын цөлийн орнуудад, 36 хувь нь Өмнөд Азид, үүнээс 30 хувь нь Энэтхэг улсад амьдарч байгаа ажээ. 

Хэт ядуу нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн талаарх уг судалгааг хөгжиж буй орнуудын хүн амын 83 хувийг бүрдүүлж байгаа 89 орноос ирүүлсэн мэдээлэлд үндэслэн гаргасан байна.

Х.Сарнай

 

 

 

Related news