БАЯНХОНГОР: “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор сарын аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-03 15:52:15
Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор Баянхонгор аймагт эхлүүллээ.

Үйл ажиллагааны нээлтэд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Баянхонгор-Эрчим хүч ЦТХХК, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо хамтран уулзалт, сургалт зохион байгуулав.

Аяныг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй барилгын бригад, авто засварчид, мужаан, оёдолчин, үсчин гоо сайханч, газар тариалан эрхлэгч, хоол үйлдвэрлэгчид зэрэг салбарыг хамруулан зохион байгуулж буйгаараа онцлог. Энэ хүрээнд аяны нээлтийн сургалтад дээрх салбарын төлөөлөл 150 гаруй иргэн оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн юм.

Сарын аяны хугацаанд дээрх салбаруудад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд чиглэсэн хөдөлмөрийн аюулгүй байдал - эрүүл ахуйн сургалт мэдээлэл, үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндээ хамгаалах талаар бүх талын мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Ажлын орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэт технологийг нийтийн хүртээл болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг түгээх нь сарын аяны зорилго юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байдаг. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэж байна.




Related news