ӨМНӨГОВЬ: “Их говийн дуулал” уран уншлагын улсын уралдааныг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-01 14:02:48

Даланзадгад, 2024 дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Их говийн дуулал” уран уншлагын улсын уралдааныг Даланзадгад суманд гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.  


Сэтгүүлч, яруу найрагч Сүнжидмаагийн Сумьяагийн “Хүсэл дүүрэн он цаг”, “Бодлын цагаан хуудсууд” нэртэй хос номын баярт зориулан "Их говийн дуулал” уран уншлагын наадам, “Эх хэл үндэсний дархлаа” уулзалт ярилцлагыг хүүхэд залуус, иргэдийн дунд нээлттэй зохион явууллаа.

 


Тус үйл ажиллагаанд МУСГЗ, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, МҮОНР-ийн нэвтрүүлэгч СТА Ч.Идэрчулуун, Богино өгүүллэгийн "Утгын чимэг" улсын уралдааны тэргүүн өгүүлэгч, МҮОНР-ийн нэвтрүүлэгч Д.Сайнтод, МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн "Болор цом"-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, СТА, нэвтрүүлэгч Н.Анхболд, МЗЭ-ийн хяналтын зөвлөлийн дарга, хэл бичгийн ухааны доктор, багш Н.Урангоо, МЗЭ-ийн гишүүн Хутагтын хишигт яруу найрагч Б.Бүргэд, хөтлөгч сэтгүүлч О.Ганзориг, хөтлөгч, чөлөөт уран бүтээлч О.Ууганбаяр нар оролцлоо.

 

                                                                                                                                       Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд


“Эх хэл үндэсний дархлаа” уулзалтад Даланзадгад сумын ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн сурагчид, монгол хэл, уран зохиолын багш нар, утга уран зохиол сонирхогч иргэд оролцож радио, телевизийн хөтлөгч, яруу найрагчидтай уулзаж эх хэлний дархлааг хэрхэн тогтоож хадгалж хойч үедээ өвлүүлэх талаар ярилцаж, хүн нэг бүрийн оролцоо чухал байгааг онцоллоо.


Богино өгүүллэгийн "Утгын чимэг" улсын уралдааны тэргүүн өгүүлэгч, МҮОНР-ийн нэвтрүүлэгч Д.Сайнтод хэлэхдээ, "Энэхүү хос ном нь эх хэлний яруу тунгалаг утга уянга нэвт шингэснээс гадна говь нутгийн байгалийн үзэсгэлэн, эхийн хайр, эх үрийн элбэрэлийн талаар тод томруунаар харуулж байгаа нь гайхалтай. Номын баярт зориулан зохион байгуулж байгаа уран уншлагын улсын уралдаан зохиогчийн хоёр шүлгийг өөрийн болгон цээжилж тайзнаа амилуулж байгаа нь тухайн наадмын шалгуур тун өндөр байгааг илтгэж байна" гэлээ. 


МУСГЗ, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, "Аялгуут сайхан монгол хэлнийхээ уран тод өгүүлэх урлагаар дамжуулан говио аргадан магтах, говийн сайхныг магтан дуулж хүн байгалийн хүйн холбоог бататган уул усаа баясган хур бороог урин дуудах, говийн тухай шүлэг, уран бүтээлийг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх, эх говио эзэнтэй байлгах үзлийг уриалахад чиглэж байгаагаараа энэ номын баяр онцлогтой болж байна. Бид говийг Б.Явуухулан гуайн говийн шүлгээр л төсөөлж явдаг байсан бол одоо яруу найрагч Сумьяагийн уран бүтээлээс говь нутгийн өнөөдөр, маргааш, нөгөөдрийг олж мэдрэх болно" гээд зохиогчид уран бүтээлийн өндөр амжилтыг хүслээ.


 

Их говийн дуулал”  уран уншлагын улсын уралдааны хоёрдугаар шатанд 18 уран уншигч оролцсоноос тэргүүн байрт Богино өгүүллэгийн "Утгын чимэг" улсын уралдааны тэргүүн өгүүлэгч, нэвтрүүлэгч Д.Сайнтод, дэд байрт Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Нямдаваа, гутгаар байрт СТА, Өмнөговь аймгийн ХЖТ-ын дуучин, хөтлөгч А.Алтанзул дөрөвдүгээр байрт залуу найрагч Д.Мөнхөө, тавдугаар байрт СТА, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Н.Анхболд, тусгай байрт СТА, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун, сэтгүүлч, хөтлөгч О.Ганзориг, хөтлөгч О.Ууганбаяр, Гурвантэс сумын Соёлын төвийн эрхлэгч, хөтлөгч Ц.Цолмон нар тус тус эзэллээ.

 



Уралдаанаар монгол хэлээрээ уран тод өгүүлэх урлагаар дамжуулан говийн сайхныг магтан дуулж, хүн байгалийн хүйн холбоог бататган, уул усаа баясган хур бороог урин дуудах, говийн шүлэг уран бүтээлийг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх, эх говио эзэнтэй байлгах үзлийг уриалах зорилготой.




Оролцогчид эхний шатанд зохиогчийн говийн тухай шүлгүүдээс дурын нэг шүлгээ сонгон уншиж оролцсон бол хоёрдугаар шатанд зохиогчийн “Говьдоо үлдэнэ” шүлгийг бүгд өөрийн өнгө аясыг шингээн бүтээлч өгүүлэмжтэйгээр цээжээр уншиж оролцсон нь онцлог байлаа. 


ХМТА, сэтүүлч, яруу найрагч С.Сумьяа:

-Та бүхэндээ маш их баярлалаа. "Хүсэл дүүрэн он цаг", "Бодлын цагаан хуудсууд" гээд хоёр уран бүтээлийн номоо гаргалаа. Уран бүтээлч хүний хамгийн том жаргал бол шүлэг бүтээлээ ард түмэндээ хүргэж ном болгон баринтаглаж авах л юм. Урьд нь бусад уран бүтээлчдийнхээ олон сайхан шинэ номын баярт оролцож байлаа. Харин яг өөрөө шинэ номоо хосоор нь гаргаад нээлтийг нь хийх мөч байнга тохиогоод байхгүй ховор мөч гэдгийг мэдэрлээ. 

Хоёр дахь номоо дан говийн тухай шүлгээр бүтээснээрээ онцлогтой. Тэгээд говийн тухай шүлгүүдээрээ "Их говийн дуулал" уран уншлагын улсын уралдааныг зарлаж, говь нутгаа хайрлан хамгаалж, сурталчлан таниулах зорилгоор монголын өгүүлэхүйн урлагын мастерууд, радио, телевизийн нэвтрүүлэгчдийг урьж гайхалтай дуу хоолойгоор нь уриалан хүргэлээ. Сайхан үйлийг минь дэмжин хамтран ажилласан бүхий л хүмүүстээ талархал илэрхийлье.


МЗЭ-ийн Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, Яруу найргийн төвийн дарга Н.Минжинсайхан:

-Номын баринтаг задлах мөч хамгийн сайхан. Бид сэтгүүлч, яруу найрагч С.Сумьяагийн хос номын баярын нээлтийг зорин ирлээ. Шинэ номын нээлтэд зориулж олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сумьяа нь 90 жилийн түүхтэй МҮОНР-гийн Өмнөговь аймгийн сурвалжлагчаар ажилладаг. Хамт олныхоо нэрийн өмнөөс халуун баяр хүргэж уран бүтээлийн их амжилт хүсье. Энэ үйл ажиллагаанд Монгол улсын радио, телевизийн олны танил нэвтрүүлэгч, хөтлөгч нар хүрэлцэн ирсэн нь бахархалтай.

Энэ баярын хүрээнд зохион байгуулж байгаа эх хэл үндэсний дархлаа уулзалт ярилцлагын гол үр дүн нь бид нээлттэй сайхан ярилцаж уулзалт дуусахад утга яруу найраг сонирхогч хүүхэд, залуусын зүрхэнд бяцхан ч гэсэн галын дөл сүүмэлзээд гарах нь том үр дүн юм. Гэхдээ үр дүн нь өнөөдөр уншаад маргааш нь үр дүнгээ үздэг зүйл биш. Маш удаан хугацаанд үр үндсээ дэлгэж дэлгэрдэг юм. Энэ цаг үед уншигч, зохиолчдын уулзалт ус агаар мэт хэрэгтэй байна. Уран бүтээлчид нэг нэгнийхээ уран бүтээлийг дэмжээд нутаг усаа үзэж харилцан уран бүтээлээ солилцож байгаа нь ач холбогдол ихтэй. Тиймээс Сумьяагийн номын нээлт үнэхээр цагаа олсон зөв зохион байгуулалттай болж байна. Улс орон оршин тогтнож байгаагийн хамгийн том үндэс бол эх хэл юм. Уулзалт тараад гарч байгаа хүүхдүүдийн нүдэнд инээмсэглэл тодорсон байна. Монголын нэрт нэвтрүүлэгч нарын дуу хоолойг дэргэдээс нь сонсоод тэдний хүсэл мөрөөдөлд жигүүр ургасан нь лавтай.

 

Related news