Зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд засвар хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-29 11:54:59

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын зам засварын ажил ирэх сарын 10-наас эхлэх гэж байна.


Зам засварын үеэр ямар ажил хийх болон борооны ус зайлуулах шугам суурилуулах эсэх талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат мэдээлэл өглөө.


Энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд засвар хийх аж. Тухайлбал, Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хүртэлх авто зам, Ботаникийн уулзвараас Улиастайн гүүр хүртэл авто замыг засах юм байна. Дээрх авто замд борооны ус зайлуулах ил болон далд шугамтай хийнэ. Түүнчлэн засварын үеэр шүүрдэх худгуудын түвшнийг тааруулж, замын гадаргуу дээр тогтсон усыг бүрэн хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.


Засварын үед авто замын хучилтын хийцийг хүчитгэх, инженерийн шугам сүлжээний худгуудын түвшнийг тохируулж өндөрлөх, хашлага, явган замын засвар үйлчилгээг хийх, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажээ. Түүнчлэн замын нүхэн эвдрэл засах, хагарал гагнах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, гүүрний урсгал засварыг тогтмол хийх юм.


Зам засварын ажил 11 дүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Энэ жил шар усны үерээс шалтгаалж, замын эвдрэл нэлээдгүй үүссэн. Ийм тохиолдолд хүйтэн асфальт бетоноор нүхэн эвдрэлийг засаж байгаа аж.




Related news