ДУНДГОВЬ: "Польшийн соёлын өдөр”-ийг Мандалговь хотод зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-25 14:55:57
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Польшийн соёлын өдөр”-ийг Мандалговь хотноо зохион байгууллаа. Тус улсын соёл урлаг, кино, түүх, хамтын ажиллагааг сурталчлах соёлын өдрийн үйл ажиллагаанд Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко оролцжээ.



Түүнийг Дундговь аймагт зочлох үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, сурагчдыг Польш улсад сургах, мэргэжилтнүүдийг туршлага судлуулах болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай хүсэлтээ илэрхийлж, санал солилцсон байна. Элчин сайд Кшыштоф Бойко энэхүү саналыг дэмжин, хамтран ажиллах боломж байгаа гэдгийг дурдаад Монгол, Польш хоёр улсын орон нутаг хооронд хамтын ажиллагаа эхэлж байгааг онцолжээ.


Соёлын өдрөөр 1244-1246 онд Италийн Плано Карпинитэй хамт Их Монгол улсад айлчилсан анхны европ хүмүүсийн нэг болох Ромын Пап ламын элч, аялагч, польш гаралтай хувраг Бенедикт  Полакийн аяллыг харуулсан үзэсгэлэнг дэлгэжээ.  Бенедикт Полак нь Хархорумд тухайн үеийн Монголын Их хаантай уулзаж, Карпинитай хамт Пап ламын захидлыг  гардуулан өгч байсан тухай баримтыг энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн бөгөөд тухайн үеийн их Монгол Улсын түүхийг мөн харуулсан байна.








Related news