Эртний Түрэгийн өв соёлыг виртуалаар үзэх боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-03-25 13:23:49

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. МУИС-ийн "Гарааны дижитал солюшнс" компанийнхан Хөшөө цайдам музей, МУИС-ийн Археологийн судалгааны төв, Антропологи, археологийн тэнхимтэй хамтран Монгол Улсын Соёлын Яамны дэмжлэгтэйгээр Төв Азийн нүүдэлчдийн томоохон төлөөлөл болох эртний Түрэгийн өв соёлыг виртуал орчинд сэргээжээ.


Энэхүү виртуал орчноор зочилсноор эртний нүүдэлчдийн бичиг үсгийн судлал төдийгүй Төв Азийн улс түмний археологийн судалгаанд онцгой хувь нэмэр оруулсан Хөшөө цайдамын бүлэг дурсгал, Билгэ хааны тахилын онгон, тэндээс олдсон археологийн үнэт олдворуудтай танилцах боломж бүрдүүлж буй юм. Эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүн, зөвлөгөөнд түшиглэн Билгэ хааны тахилын онгоныг компьютер графикийн аргаар хийж, түүх, өв соёл, боловсролын GUYUK метаверст сэргээн байрлуулсан байна. 


Хэрэглэгчид дэлхийн хаанаас ч ухаалаг утас болон компьютер дээрээ GUYUK метаверс аппликейшнийг татсанаар түүх, өв соёлын эдгээр дурсгалтай шинэлэг байдлаар танилцах боломж бүрдэв. Тус метаверс нь монголчуудын түүх, өв соёлыг таниулан сурталчлах зорилгоор монгол залуусын хөгжүүлсэн программ хангамж бөгөөд хэрэглэгчид хамтдаа аялах, суралцах, ярилцах боломжийг бүрдүүлсэн 3 хэмжээст нийгмийн сүлжээ юм.


GUYUK метаверст Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын хааны ордон, Цогт их сүм, Монголын нэрт соён гэгээрүүлэгч Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн виртуал музей, Цогт хунтайжийн Цагаан байшин, Дуутын хадны бичээс зэрэг түүхийн дурсгалт олон бүтээлийг сэргээж олны хүртээл болгож байв.


Эртний Түрэгийн өв соёлтой танилцах виртуал орчин энэ сарын 27-ны өдрөөс эхлэн GUYUK метаверст нийтийн хүртээл болох юм. Иргэд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохиогдох “Түрэгийг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээнд оролцож мэдлэгээ сорихын сацуу “Билгэ хааны өв соёл” виртуал музейгээр хүссэн цагтаа зочлох боломжтой.


Related news