Хүүхдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-25 12:23:48

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Энэ үеэр “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Ингэснээр талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын зэрэгцээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.


Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийсэн судалгаагаар хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, хүнс, нарны гэрлээс авах Д амин дэм бага байгаагаас ясны сийрэгжилт бий болж байна гэжээ. Иймд төслийг эхний ээлжид Баянгол дүүргийн 47, 89 дүгээр цэцэрлэгт хэрэгжүүлж, гал тогоог нь засан, тоног төхөөрөмж суурилуулж, амны хөндийн иж бүрэн үзлэг, зөвлөгөөг мэргэжлийн түвшинд зохион байгуулах аж.


Мөн, сургууль, цэцэрлэгийг автомат аяга таваг угаагчаар хангах, хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолны цэс боловсруулах, тогооч, удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах, эцэг эх, сурагчдад шим тэжээл, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоонд үнэлэлт өгч зөвлөмж, боловсруулахад хамтран ажиллана. Төслийн үр дүнг үндэслэн нийслэлийн бусад сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

 

Related news