Томоохон корпорациуд усны хямралыг улам даамжруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-03-22 14:43:54

ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 22 /Oxfam/. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнс, хөдөө аж ахуйн компаниудын ердөө дөрөвний нэг орчим нь усны хэрэглээгээ багасгаж, усны бохирдлыг бууруулахаа амласан тухай Оксфам” байгууллага пүрэв гарагт мэдээлжээ.


Тус байгууллага жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн усны өдрийг тохиолдуулан холбогдох тайлангаа танилцуулсан байна. Тайланд дурдсанаар, 2 тэрбум хүн ундны усны найдвартай хангамжид  холбогдоогүй байгаа бол цэвэр усны нөөцийн 70 хувийг хөдөө аж ахуйн салбар ашиглаж байна.  


Оксфам байгууллагын Франц дахь салбарын дарга Сесиль Дуфлот ярихдаа, том корпорацууд их хэмжээний ус хэрэглэж, бохирдуулж байхад ард иргэд хоосон худаг, өндөр үнэтэй, бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй ус хэрэглэж,  энэ бүхний төлөөсийг төлж байна гээд "усан хангамж муудах нь өлсгөлөн, халдварт өвчин дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж, хүмүүсийг орон гэрээ орхин дүрвэхэд хүргэдэг болохыг" онцлон дурдлаа.


“Оксфам”-ын судалгааг “World Benchmarking Alliance” холбооноос гаргасан хүнс, хөдөө аж ахуйн хамгийн нөлөө бүхий 350 компанийн мэдээлэлд үндэслэн хийжээ. Үүнд Байер, Каргилл, Тайсон зэрэг хөдөө аж ахуйн компаниуд, Нестле, Кока-Кола, ПепсиКo зэрэг хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэгчид, Уолмарт, Крогер, Карфур зэрэг худалдааны төвүүд, мөн МакДоналдс, Старбакс зэрэг ресторанууд багтжээ.


Эдгээр компанийн дөнгөж 28 хувь нь усны хэрэглээгээ бууруулахаар төлөвлөж байгаа бол 23 хувь нь усны бохирдолтой тэмцэнэ гэж амласныг “Оксфам”-ын мэргэжилтнүүд дурдаж байна. Үүний зэрэгцээ компаниудын талаас цөөн хувь нь буюу 350 компанийн 108 нь усны нөөц хомс газруудаас хэдий хэмжээний ус авч хэрэглэснээ мэдээлсэн байна.


Усны хомсдол нь дэлхий дахины сайн сайхан аж байдалд томоохон саад бэрхшээл учруулж байгаа бөгөөд уур амьсгалын хямрал эл асуудлыг улам хурцатгаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын хорооны мэдээлснээр, одоогийн байдлаар дэлхийн нийт хүн амын тал орчим хувь нь жилд дор хаяж нэг сарын турш усны ноцтой хомсдолд орж байна. Түүнчлэн Кенийн хойд хэсэг, Этиопын өмнөд хэсэг болон Сомалийн зарим хэсэгт 2023 онд усны цооногуудын 90 орчим хувь нь ширгэсэн болохыг Оксфам тогтоожээ. Цаашилбал, тус бүс нутгийн 5 хүн тутмын 1 нь ундны усаар гачигдаж байна. Уур амьсгалын хямралын нөлөөгөөр Африкийн эвэр гэгддэг бүсийн орнуудад дэлхийн дулаарлаас шалтгаалан ган гачиг нүүрлэх магадлал 100 дахин нэмэгдэх магадлалтай байна.


Уур амьсгалын нөлөөнөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нь усны нөөцөд ихээхэн нөлөөлж байгаа хэдий ч томоохон компаниуд бизнесийн загвараа өөрчлөхгүй байна. Тухайлбал, усыг савлаж худалдах нь бүх нийтийг баталгаатай ундны усаар хангахад чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилтод саад учруулж буй нийтлэг практик мөн гэж НҮБ дүгнэжээ.


Түүнчлэн 2023 оны тавдугаар сард Францын Пюи-де-Дом мужид ган гачиг нүүрлэсний улмаас эрх баригчид олон мянган оршин суугчийн усны хэрэглээг хоёр сарын турш хязгаарлахад хүрч байсныг “Оксфам” онцолжээ. Гэсэн хэдий ч Данон компанийн охин компани болох Волвик нь ган гачгийн үед савлах үйлдвэртээ зориулан гүний усыг хязгааргүй хэмжээгээр ашигласаар байв. Тухайн жил Данон 881 сая еврогийн ашиг олж, хувьцаа эзэмшигчдээ 1238 сая еврогоор урамшуулсан байх жишээтэй.


“Үйл ажиллагаагаа өөрчлөх байх хэмээн корпорацуудад найдаж болохгүй гэдэг нь тодорхой харагдлаа, тиймээс засгийн газрууд тэдэнд шахалт үзүүлж, ашгийн төлөө улангассан үйл ажиллагаанаас олон нийтийн баялгийг хамгаалах ёстой” хэмээн С.Дуфлот ярьж байна. Усны салбарт шударга байдлыг хангахын тулд засгийн газрууд усыг хүний эрхтэй хамаатуулан үзэж, байгаль орчны болон хүний эрхийн тухай хуулиудыг зөрчсөн компаниудад авах арга хэмжээг тодорхой болгож, ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж “Оксфам” дүгнэжээ.

 


Related news