ДОРНОГОВЬ: Зэрлэг амьтдад өвс, тэжээл тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-21 15:12:56

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Говийн хөх салхи” ТББ, Галба өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ус ашиглагч аж ахуйн нэгжүүд, Сорговь төсөлтэй хамтран Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт гуравдугаар сарын 18-20-ны хооронд зэрлэг амьтдын бэлчээрт өвс тавьжээ.


Өнгөрсөн зун өвс, ургамлын гарц бага байсан төдийгүй өвөл их хэмжээний цас орж зудын байдалд хүрсэн нь зэрлэг амьтдын хувьд өвс, тэжээлийн хомсдолд орон ихээр хорогдож, тоо толгой огцом цөөрөх эрсдэлд орсон байна. 

 

Тухайн нутгийн хойд, зүүн зүг, зүүн урагшаа нийт 30-35 орчим км явж амьтдын тархалтын судалгаа хийж, хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль зэрэг амьтдын бэлчээрийг ажиглаж уст цэг болон ил задгай усны тархалт ихтэй газрыг сонгон нийт 20 цэгт 200 ширхэг боодол өвс байршуулжээ.


Зэрлэг амьтдын орчинд биотехникийн ажил гүйцэтгэснээр ховор ан амьтдын хорогдол гарахаас сэргийлэх, төл бойжилтод эерэг нөлөө үзүүлэх, ан амьтдын шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

 

Related news