ТӨВ: Эрчүүдийн өвдөх шалтгаан хорт зуршлуудаас их хамааралтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-21 14:14:17

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Эрчүүдийн эрүүл мэнд-Өрх гэрийн хөгжилд нөлөөлөх нь” сэдэвт өдөрлөгийг энэ сарын 14-ний өдөр Зуунмод хотын Солонго цогцолборт зохион байгуулж, 142 эрэгтэй оролцжээ. 


Өдөрлөгийн үеэр 9 илтгэгч багш, эмч, мэргэжилтэн 11 сэдвийн хүрээнд эрүүл мэндийн мэдээлэл өгч, оношилгоо шинжилгээ хийсэн байна.


Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн Урологи, андрологийн эмч Д.Дарьсүрэн эмчээс тус өдөрлөгийн талаар тодруулахад, “Ясны сийрэгжилт тодорхойлох оношилгоог нийт 104 эрэгтэйд хийж зөвлөгөө өглөө. Мөн лаборатори шинжилгээг үзлэгт ирсэн бүх хүнд хийсэн бөгөөд насны онцлогоос шалтгаалан 50 наснаас дээш эрчүүдэд түрүү булчирхайн, 50 наснаас доош эрчүүдэд бэлгийн замын оношилгоо хийв.


Тухайлбал, түрүү булчирхайн хавдрын маркер оношилгоог 33 иргэнд, судас хатуурлын оношилгоо-холестрин, тригицерид 74 иргэнд, чихрийн шижингийн оношилгоог 74 иргэнд, тэмбүү, ДОХ-ын шинжилгээг 31 эрэгтэйд хийв.


Ингэснээр түрүү булчирхайн үрэвсэл 8, түрүү булчирхайн хоргүй хавдар 2, нурууны өвчлөл 2 илэрсэн байна. Мөн бөөрний чулуутай оношлогдсон нэг үйлчлүүлэгчийг Урологи, андрологийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлсэн. 


Дийлэнх эрчүүд эмнэлэгт үзүүлэхээс татгалзаж, гэрийн аргаар эмчлэх, ажиглах зэрэг үйлдэл гаргаж зарим өвчнийг хүндрүүлж ирдэг. Жишээлбэл, 2023 онд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн амбулаториор 230 820 эмэгтэй үйлчлүүлсэн бол, 141 156 эрэгтэй үйлчлүүлсэн байдаг. Тэгэхээр эрчүүд өөрсдийн эрүүл мэнддээ төдийлөн анхаарал хандуулахгүй байгааг харж болно. Эрчүүдийн өвдөх шалтгааны эх үндэс нь таргалалт, архи, тамхинаас их хамааралтай байна” гэв.



Related news