ДУНДГОВЬ: Энэ онд хүүхдийн хөгжил, хамгаалалд 2760,5 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-19 18:07:49
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 19  /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2024 оныг Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын жил болгон зарлаж, улсын төсвийн 360,9 сая, орон нутгийн төсвийн 2396,6 сая, хандив дэмжлэг 3 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна.  


Тухайн жилд төр болон ТББ, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр хүүхэд, гэр бүлд чиглэсэн хөгжил хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилго дор дараах 5 чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Үүнд:

  1. Хүүхэд, гэр бүлийн хамгаалал,
  2. Хүүхэд, гэр бүлийн хөгжил,
  3. Хүүхэд гэр бүлийн оролцоог хангах,
  4. Гэр бүл, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих,
  5. Хүүхэд, гэр бүлийн аюулгүй, эсэн мэнд амьдрах орчныг бүрдүүлэх.

Дээрх 5 чиглэлийн хүрээнд нийт 47 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дотор сэтгэл зүйч, нийгмийн ажилтны хүний нөөцийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын нөхцөл байдлын судалгаа хийж, бодлого боловсруулах, хүүхдэд ээлтэй такси үйлчилгээ нэвтрүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд явуулын багш хөтөлбөр хэрэгжүүлэх, Сайнцагаан сумын ЕБС-ийн дотуур байрны орчин, үйлчилгээг стандартад нийцүүлэх, олон улсын хүүхдийн ардын урлагийн “Эв нэгдэл” наадам зохион байгуулах зэрэг шинэлэг ажлыг хэрэгжүүлэх юм.



Related news