СЭЛЭНГЭ: Зүүнбүрэн сумын малчин Г.Энхсайханы гэр бүл “Алтан ишиг”-ний эзнээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-20 07:03:28

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, МҮОНРТ-ийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төл”-ийн эзнээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын малчин Г.Энхсайхан, гэргий З.Батмөнх нар шалгарчээ.

  

“Алтан ишиг”-ний эзэн, малчин Г.Энхсайхан удам залган мал маллаж байгаа бөгөөд 1994 оноос өнөөг хүртэл 30 гаруй жил мал маллаж байна.

 

Тэрбээр уламжлалт мал аж ахуйгаа тасралтгүй авч явж, үр хүүхэддээ өвлүүлэхийн зэрэгцээ гэргий З.Батмөнхийн хамт 2012-2023 он хүртэл орон нутагтаа түр ажлын байр бий болгож, мал төллөлтийн үеэр туслах малчин авч цалинжуулдаг болжээ.

 

Мөн мал маллахын зэрэгцээ малын түүхий эд болон арьс шир, ноос үс боловсруулж, төрөл бүрийн бүтээл урлан соёлын биет өвийн үзэсгэлэн, уралдаанд амжилттай оролцож, шилдэг өв тээгч гэр бүл болсон байна.

 

Дээрх олон ажлыг давхар гүйцэтгэхийн зэрэгцээ сум орон нутгаас зохион байгуулсан хандивын аянд идэвхтэй оролцож, хамтран ажилладаг байна.

 

Эднийх өндөр ашиг шимтэй 200 орчим ямааг зуны турш сааж, сүүгээр нь төрөл бүрийн цагаан идээ боловсруулан зах зээлд нийлүүлж, өрхийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж яваа ажилч гэр бүл юм. 

Related news