СЭЛЭНГЭ: "Охидыг хүчирхэгжүүлэх нь" төсөл Баянгол сумаас эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын
17 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан (UNFPA) болон БНХАУ-аас Монгол Улсад
суугаа ЭСЯ хамтран "Охидыг хүчирхэгжүүлэх нь:
Эрүүл ахуй, ариун цэвэрт ээлтэй сургуулийн орчныг бий болгох нь" төслийн
нээлт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулиас эхэллээ.
Энэхүү төсөл нь алслагдсан сумдын
сургууль, дотуур байрны охидын сарын тэмдгийн эрүүл ахуйн (СТЭА) нөхцөлийг
сайжруулах, тэднийг боловсролоос хоцрохоос сэргийлэхэд онцгой ач холбогдолтой
юм.
2025-2026 онд хэрэгжих энэхүү төсөл
нь Сэлэнгэ, Орхон аймгийн 5 сургууль, дотуур байрыг хамрах юм. Төслийн
хүрээнд 2030 гаруй өсвөр насны охид, 41 багш, эмч, дотуур байрны ажилтан шууд
үр шимийг нь хүртэх боломжтой бөгөөд охидыг дэмжих орчин бүрдүүлэх зорилгоор 5000
гаруй хөвгүүд болон олон нийтийг мэдээллээр ханган ажиллах юм.
Төслийн хүрээнд ариун цэврийн өрөөний
орчныг сайжруулах, багш, ажилтнууд, эцэг эхчүүд болон хөвгүүдийн ойлголтыг
дээшлүүлэх, охидод нэг удаагийн болон олон дахин ашиглах ариун
цэврийн багц олгох, мөн үндэсний хэмжээний судалгаа хийж, СТЭА-н үндэсний
удирдамж боловсруулах нөлөөллийн ажлыг зохион байгуулах юм.
Төслийн эцсийн зорилго нь Сэлэнгэ,
Орхон аймгийн охид сарын тэмдгийн өдрүүдийг эрүүл, аюулгүй удирдаж,
боловсролоосоо тасалдалгүй суралцаж, өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дайчлах
таатай орчныг бүрдүүлэхэд чиглэжээ.
Мөн төсөлд хамрагдсан ерөнхий
боловсролын сургуулийн төгсөх ангийн 30 сурагчид БНХАУ-аас Монгол Улсад суугаа
ЭСЯ-наас сургалтын тэтгэлэг гардууллаа.
Ulaanbaatar