ХОВД: "Нийгмийн асуудал, гарц шийдэл" олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-19 16:07:51

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/ Дэлхийн нийгмийн ажлын өдөр өнөөдөр тохиож байна.


Олон улсын Нийгмийн ажилтнуудын холбооноос “Далайцтай өөрчлөлтийн төлөө хамтдаа урагшилъя” уриан дор тус өдрийг тэмдэглэж байгаа юм.  


Үүнтэй холбогдуулан Ховд аймаг “Нийгмийн асуудал. гарц шийдэл-2024” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар нээлт хийв.


Энэ үеэр нийгмийн ажил мэргэжлийн эерэг үр дүн, хувь нэмрийг иргэд олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийлнэ. 

 

Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбар болон сум, баг, байгууллагуудад 2800 гаруй хүн нийгмийн ажил, үйлчилгээ үзүүлж байна.


Харин Ховд аймагт энэ чиглэлээр ажиллаж буй 130 гаруй хүн бий.  


Нийгмийн ажил мэргэжил нь хамтын ажиллагаа, нөлөөлөл, оролцоо, хүндэтгэл, харилцаа, мэдрэмж, ойлголцол болон хандлага дээр тулгуурладаг. Энэ чиглэлээр ажиллахад олон тулгамдсан асуудал, сайжруулах зүйлс гарч ирж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.


Тухайлбал, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахад эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог сайжруулж, хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатай байгаа ба санхүүжилттэй холбоотой асуудал тулгардаг байна.  


Ховд аймаг 2024 оныг "Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Нийгмийн асуудал. гарц шийдэл-2024” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд хэлэлцэх асуудлын 90 орчим хувьд нь хүүхдийн асуудлыг тусгажээ.


Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Монгол, Норвеги, Казахстан улс зэрэг гадаад, дотоодын 20 гаруй эрдэмтэн, судлаач тусгай хэрэгцээт хүүхдийг сургахад тулгамдаж буй асуудал, өсвөр насны хүүхдийн хүмүүжил, төлвшилд эцэг эхийн оролцоо, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд нийгмийн ажилд оролцох стратегийн судалгаа, хүүхдийн гар утас, компьютерын хэрэглээний судалгаа гэх мэт сэдвээр илтгэл танилцуулж байна.  


 

Related news