"ФАРК"-тай энхийн хэлэлцээр байгуулсныг колумбчууд эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-03 09:38:51

БОГОТА. /Xinhua/. Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буюу “ФАРК” хэмээх босогчдын бүлэглэлтэй байгуулсан энхийн хэлэлцээрийг тус улсад болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь /50.24 хувь/ эсэргүүцсэн нь олон нийтийг гайхашрууллаа.

Бараг дөрвөн жилийн турш хэлэлцээ хийсний эцэст Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон "ФАРК"-ийн удирдагч Тимолеон Хименес нар өнгөрсөн долоо хоногт энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Харин уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх эсэхийг Колумбын ард иргэд шийдэх ёстой байсан юм.

Санал асуулгын дүнг Ерөнхийлөгч Сантос хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдээд “энх тайван байдлыг тогтоохын тулд би үргэлжлүүлэн ажиллах болно” гэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “гал зогсоох хэлэлцээр хэвээр хэрэгжиж байна. “ФАРК”-ийн удирдагчидтай зөвлөлдөхийн тулд холбогдох албаны хүмүүсийг Куба руу явуулна” гэлээ.

Харин “ФАРК”-ийн удирдагч Тимолеон Хименес хэлэхдээ “иргэний дайныг төгсгөл болгох зорилгоо өөрчлөхгүй” гэжээ. Улс төрийн амьдралд оролцохын тулд тус бүлэглэлийнхэн 52 жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний дараа зэвсгээ хураалгахаар тохиролцсон билээ.

АНУ зэрэг улсын хувьд террорист бүлэглэл гэгдсэн хэвээр байгаа “ФАРК”-тай хэлэлцээр байгуулсныг тус бүлэглэлийг өөгшүүлж, гэм нүглийг нь цайруулсан хэрэг боллоо гэж шүүмжлэгчид үзэж байна.

Ням гарагийн санал асуулгын санаанд оромгүй дүн нь "Колумб улсад энх тайван байдал тогтох нь" гэсэн итгэл найдварыг эргэлзээнд орууллаа.

Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор 1960-аад оны үед Колумбын Засгийн газар болон "ФАРК" хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянган орчим хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэжээ.

Г.Доржханд

 

 

Related news