ДУНДГОВЬ: "Цахим хөгжлийн өдөрлөг"-т оролцогч байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулж, үйлчилгээ үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-15 20:53:50
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "Цахим аймаг" бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Цахим хөгжлийн өдөрлөг”-ийг Мандалговь хотноо 3 дугаар сарын 15-нд зохион байгууллаа. 


Тус үйл ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны яам харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус 20 гаруй байгууллагын оролцоотой "Цахимд хэвшье" уриан дор хэрэгжүүлжээ.


Өдөрлөгийн үеэр иргэдэд зориулсан цахим ур чадварын сургалт, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл, төрийн албан хаагчдад зориулсан цахим үйлчилгээний тухай сургалт хийж, мэдээллийн технологи үйлдвэрлэгч байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулан, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хамтын ажиллагааг санал болгосон юм.


Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын баг аймгийн удирдлагуудтай уулзаж, төрийн албан хаагчдад тус яамны бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, зорилго, зорилт, бодлого болон аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцуулга, мэдээлэл хийжээ.


Мөн кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц систем, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, технологийн боломжийн тухай сургалт зохион байгуулсан байна.


“Цахим хөгжлийн өдөрлөг”-т Дундговь аймгийн музей, МЦХ-ны салбар, үүрэн телефоны Мобиком, Скайтел, Жи-Мобайл, Е-Монголиа, ХУРДАН цэг, цаг бүртгэлийн ухаалаг платформ, хүүхдийн хоол шим тэжээлийн цахим платформ, “Онтайм” дэлгүүр, гэрээсээ ажилладаг ээжүүдийн нэгдэл зэрэг мэдээлэл технологийн үйлдвэрлэгчид болон цахим үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд оролцож, иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулан, цахим үйлчилгээний дэвшилтэт технологи, программыг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгчээ.










Related news