Ц.Түмэндэмбэрэл: Хийжүүлсэн ундаанаас хүүхдүүдээ татгалзуулах зорилгоор органик жүүсийг үйлдвэрлэсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-13 10:30:38

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд цэвэр органик жүүс үйлдвэрлэж буй Төв аймгийн Заамар сумын харьяат, “Кормонстар” ХХК-ийн захирал Ц.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.

 

-Компанийн үйл ажиллагаагаа хэдэн оноос эхлэн явуулж байна вэ?

-“Кормонстар” ХХК 2023 оны 12 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн шинэ компани.

 

-Бүтээгдэхүүний онцлог?

-Бүтээгдэхүүний хувьд цэвэр жимсний жүүс үйлдвэрлэдэг, химийн найрлагагүй органик гэдгээрээ онцлог. Нэг сав жүүсэнд агуулагдах сахарын хэмжээ маш бага буюу 3-4.5 гр сахар агуулдаг. Мөн өтгөн тэжээллэг, витамины агууламж ихтэй.

 


-Нийт хэдэн төрлийн жимсний жүүс үйлдвэрлэж байгаа вэ? Цаашид ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байна?

-Киви, манго, алим гэсэн гурван төрлийн жимсний жүүс үйлдвэрлэж байгаа. Цаашид арвайтай, нимбэгтэй цай, ус, баярын ширээн дээр тавих хүмүүсийн хэрэглэхийг хүсдэг жимснүүдээс судалж байгаад органик жүүс үйлдвэрлэх зорилготой байна.

 

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ? Нөөцөлдөг үү?

-Хонконгоос түүхий эдийг жимсний нухаш хэлбэрээр татан авдаг. Урт хугацаагаар хадгалж нөөцлөх шаардлага байдаггүй учраас нэг сарын хэрэглээгээр татаж авдаг.  

 

-Жүүсээ ямар технологиор хийдэг вэ?

-БНСУ-ын хүүхдэд зориулсан жүүсний технологийг судалж, түүний дагуу үйлдвэрлэж байна.

 

-Энэхүү бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд нөлөөлсөн хүчин зүйл бий юу?

-Би өөрөө олон ач зээтэй хүн учраас хүүхдүүдэдээ хийжүүлсэн ундаа уулгахаас зайлсхийдэг. Иймд хийжүүлсэн ундаанаас хүүхдүүдээ татгалзуулах зорилготой органик жимсний жүүсийг хийж уулгая гэсэн бодлоор үйлдвэрээ эхлүүлсэн.

 

-Хаагуур борлуулж байгаа вэ?

-Шинэ гарч байгаа бүтээгдэхүүн учраас борлуулалт дөнгөж л эхэлж байна. Эхний удаад бөөний төвүүдээр нийлүүлж эхэлсэн. Төв аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцоход борлуулалт маш сайн байсан бөгөөд нэг ширхгийн үнэ нь 1500 төгрөг байдаг учраас худалдан авагчид сэтгэл хангалуун байсан. Цаашид томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдах зорилготой байна.




-Үйлдвэрийн хүчин чадал хэр вэ?

-Үйлдвэрийн тоног төхөөрөмж жүүсийг боловсруулах, хуванцар саванд савлах, бөглөх, пакетлах үндсэн шугамтай бүрэн автомат үйлдвэр бөгөөд төхөөрөмжийн хүчин чадал нь 1 цагт 1800 ширхэг ундаа бэлтгэн гаргах чадалтай. Нийт 15 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Ачаалалтай үед 2 удаа чаналт хийхэд 3200 сав жүүс үйлдвэрлэх хүчин чадалтай.

 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдсан уу?

-Төсөл бичиж дэмжлэг авах зорилготой байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Related news