Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-06 11:36:48

Улаанбаатар, гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ачаа тээвэр, логистикийн төвийг нэгдсэн байдлаар хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төв дэх тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ.


Нийслэлийн зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага, төрийн байгууллагыг хамруулсан ажлын хэсэг хуралдаж, төслийн явц, хөрөнгө оруулалт, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулан, санал солилцлоо. Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ярихдаа, “Нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүд боомтоор дамжин ирж, нийслэлээс дүүрэг, 21 аймаг руу тараагддаг. Энэ нь авто замын түгжрэлд нөлөөлдөг тул хотын захад орчин үеийн инженерийн шийдэл бүхий тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулан ачаа барааг төвлөрүүлэх, тэндээсээ хотын дунд хэмжээний агуулах руу түгээдэг байх нь зүйтэй” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.


Улаанбаатар хотод тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна. 

Related news