АРХАНГАЙ: Аймаг өөрийн орлогын төлөвлөгөөг 40.3 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-29 11:01:51

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2024 оны 1 дүгээр сард аймгийн төсөвт 4.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 4.9 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 12.4 хувиар давуулан биелүүлжээ.


Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 1.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 40.3 хувиар давуулан биелүүлсэн байна.


Аймгийн төсвийн орлогын 61.6 хувийг тусламжийн орлогоор, 23.7 хувийг орлогын албан татвараар, 4.4 хувийг хөрөнгийн албан татвараар, 1.6 хувийг бусад албан татвараар, 1.9 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар, 6.8 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.


Орлогыг нэр төрлөөр нь үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн татвар, хог хаягдлын хураамж бууны татварыг 2.3-68.9 хувиар  биелүүлээгүй, бусад нэрийн орлогыг 123.4 хувиас 11.4 дахин давуулан биелүүлсэн байна.


Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 128.2 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 290.7 сая төгрөг,  агаарын бохирдлын төлбөрөөр 2.3 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 0.03 сая төгрөг бүгд 422.5 сая төгрөгийг шилжүүлсэн байна.

Related news