Европын хиймэл дагуул агаар мандалд орж шатжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-02-22 10:30:22

БРЮССЕЛЬ, 2024 оны хоёрдугаар сарын 22 /DW/. Тэртээ 1995 онд дэлхийг ажиглахаар хөөргөсөн Европын ERS-2” хиймэл дагуул лхагва гарагт дэлхийн агаар мандалд орж шатсан гэж Европын Сансар судлалын агентлаг /ESA/ мэдээллээ. Түүний ашиглалтын хугацааг анх гурван жилээр тооцоолсон байсан хэдий ч одоогоос 13 жилийн өмнө буюу 2011 онд даалгавраа гүйцэтгэн дуусгажээ.


ERS-2”-ын үлдэгдэл хэлтэрхийнүүд орон нутгийн цагаар 18:17 цагийн орчимд Номхон далайн хойд хэсэгт унасан гэж ESA мэдээлсэн байнаХиймэл дагуулыг ашиглалтаас гаргахаар шийдвэрлэснээс хойш аажмаар доошилсоор байжээ. Улмаар лхагва гарагт дэлхийн гадаргуугаас 80 км өндөрт бууж ирсэн бөгөөд энэ үед агаар мандлын таталцал маш хүчтэй байсан тул олон хэсэгт хуваагдаж эхэлжээ.


Дэлхийн  тойрог замд ажиллаж буй идэвхтэй хиймэл дагуулууд, Олон улсын сансрын станцад аюул учруулж болзошгүй сансрын хог хаягдлыг бий болгохгүйн тулд 2.5 орчим тонн жинтэй хиймэл дагуулыг зориуд аажмаар буулгасан байна. ESA-ийн мэдээлснээр, түүний ихэнх хэсэг нь дэлхийн агаар мандалд нэвтрэх үедээ шатаж, үлдсэн хэсгүүд нь далайд унажээ.


ERS-2 хиймэл дагуул нь түлшээ шавхсаны дараах байдлаар 2294 кг жинтэй бөгөөд энэ нь дэлхийн агаар мандалд долоо хоног бүр нэвтэрдэг сансрын бусад хог хаягдалтай ижил хэмжээтэй гэсэн үг. Хиймэл дагуул дэлхийн агаар мандалд орж шатсаны дараах үлдэгдлүүд нь хүмүүст хор хөнөөл учруулах магадлал бараг байхгүй гэж ESA-ийн мэргэжилтнүүд өмнө нь мэдэгдэж байсан юм.


Дэлхийг алсаас тандан судлах Европын хиймэл дагуул болох “ERS-1”-ийг хөөргөснөөс дөрвөн жилийн дараа 1995 онд “ERS-2”-ыг тойрог замд оруулсан бөгөөд тухайн үедээ дэлхийг ажиглах зориулалт бүхий Европын хамгийн боловсронгуй хиймэл дагуул байлаа. Уг хиймэл дагуулаар 16 жилийн турш дэлхийг тандан судлах явцад уур амьсгалын өөрчлөлтийн талаар гүнзгий ойлголтыг өгөх мэдээллүүдийг цуглуулсан байна. Мөн алслагдсан бүс нутгуудад нүүрлэж буй байгалийн гамшгууд, тэдгээрийн дотор үер, газар хөдлөлтийг ажиглаж байжээ.

Related news