ТӨВ: Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богд хан уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-14 11:52:56

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төв аймгийн сумдаар аялах төлөвлөгөөтэй байгаа жуулчдад зориулан 27 сумын онцлог, соёл, ёс заншил, брэнд бүтээгдэхүүн, түүхэн дурсгалт газрын талаар цуврал мэдээллийг хүргэж байна. Энэ удаад дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богд хан уулыг танилцуулж байна. 

 

Зуунмод хот нь Богд хан уулын бэлд байрлах бөгөөд 8 км-ийн зайд оршдог. Хэнтийн нурууны баруун өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно.

 

Дархан цаазат талбай нь 41651 га бөгөөд ар, өвөргүй модтой, энгэрээрээ хар ногоон гацуур бүрхсэн байдаг Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм. Богдхан уул нийт 34 амтай.

 


Богд хан уулын түүхийг сийрүүлбэл:

 

Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг бөгөөд Богд хан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас өмнөх 3000 жилийн тэртээгээс улбаатай.

 

Улсын төв архивын албан баримтад 12-13 дугаар зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил Богд хан уулыг тахиж, Туулын хар шугуйгаар нутаглаж байхдаа “Унасан газар угаасан усаа” гэх монгол хүний сэтгэлээр өөрийн эрх хэмжээнд онголон дархалсан түүхтэй.

 

Өлзийт хааны тэргүүн он буюу 1294 онд гаргасан Монголын их Юань улсын хууль цаазны бичгийн 398 дүгээр бүлэгт Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр давааг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ.


1778 онд тэр үеийн Монголын тэргүүний сэхээтний нэг хүрээ сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг албан ёсоор дархалж хамгаалалтад авсан байна. 


1997 онд ЮНЕСКО-гийн дэлхийн шим мандлын нөөц газарт бүртгэгдэн батламж авснаар зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй дархан цаазат газар болсон билээ.


Богд хан уулын тухайд:


Богд хан уул нь Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчныг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амаас жижиг гол горхи эх аван урсаж, зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хөрсөнд шингэнэ.


Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан, 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг.


Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийг шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгөөс бүрдсэн ой мод эзэлнэ.


Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацуурын ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрлийн, 588 зүйлийн ургамал ургадаг.


Богд хан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг.


Их, Бага тэнгэрийн амын хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр сийлсэн “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.




Богд хан ууланд явган аялал хийх таван маршрут:

 

Төрхурах - Цэцээ гүн - 8.5 км

Манзушир - Цэцээ гүн - 8.5 км

Зайсан - Дугуй цагаан - Баруун ширээт - 4.5 км

Зайсан - Тэнгэр хад - 6.4 км

Баянзүрхийн товчоо - Тэмээн хад - 3.1 км юм.

 






Эх сурвалж: Төв аймгийн музей

 

Related news