Эрхтнийг нь хүнд шилжүүлэн суулгах боломжтой гахайг анх удаа амжилттай хувилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-02-13 15:19:02

ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 13 /NHK/. Японы Мэйжи их сургуулийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг "PorMedTec" компани эд эрхтнүүдийг нь хүнд шилжүүлэн суулгах боломжтой, генийн хувьд хувирган өөрчилсөн гахайг анх удаа амжилттай хувилан гаргаж авсан тухайгаа мэдэгдлээ. 


Амьтны эд эрхтнийг хүний биед шилжүүлэн суулгах /ксенотрансплантаци/ зорилгоор генийг нь өөрчилсөн гахайн эд эрхтнийг ургуулах технологийг АНУ-ын биотехнологийн компани боловсруулжээ. Японы мэргэжилтнүүд АНУ-аас авчирсан эсийг ашиглан гахайн тооройг амжилттай хувилсан байна. Ингэхдээ шилжүүлэн суулгасан эрхтнийг бие организм хүлээж авахгүй байх шинж тэмдгүүдийг үүсгэхгүйн тулд 10 янзын генийг өөрчилжээ. 


“Энэ бол дөнгөж эхлэл. Японд амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах эмнэлзүйн туршилтын талаарх судалгаанд ахиц дэвшил гарна гэж бид найдаж байна. Бид судалгаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, ёс зүйтэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ” гэж Мэйжи их сургуулийн профессор, PorMedTec компанийн захирал Хироши Нагашима хэллээ. Японы мэргэжилтнүүд генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн эд эрхтнийг сармагчны биед шилжүүлэн суулгах туршилтыг энэ онд хийхээр төлөвлөж байна. 


Зүрхний архаг дутагдал нь эцсийн шатандаа орсон хүнд генийг нь өөрчилсөн гахайн зүрхийг шилжүүлэн суулгах хоёр дахь мэс заслыг өнгөрсөн онд АНУ-ын Мэриленд муж улсын Их сургуулийн мэргэжилтнүүд хийсэн юм. Мэс засал хийлгэснээр өвчтөн зургаан долоо хоног амьдарсан боловч шилжүүлэн суулгасан эрхтнийг бие организм хүлээж авахгүй байх шинж тэмдгүүд илэрснээр 58 настай уг эрэгтэй нас барсан байна.  


Генийн инженерчлэлийн ачаар сүүлийн арван жилийн эхээр л энэ асуудлыг шийдвэрлэхэд ойртжээ. Үүний зэрэгцээ ийм мэс засалтай холбоотой ёс зүйн асуудал үүсээд байгаа юм.

Related news