Мессигийн хөгжөөн дэмжигчдэд тасалбарын мөнгийг буцаан олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-02-10 11:32:17

ХОНКОНГ, 2024 оны хоёрдугаар сарын 10 /Sky News/. Аргентины супер од Лионель Месси бэртлийн улмаас тоглоогүй “Хонг Конг XI”-“Интер Майами”-гийн нөхөрсөг тоглолтыг зохион байгуулагч тал тасалбарын үнийн дүнгийн зарим хэсгийг буцаан олгохыг санал болгосон талаар Хонконгийн Радио телевиз /RTHK/ баасан гарагт мэдээлжээ.


“Бид зохион байгуулагчийн хувьд хариуцлагаас зугтахгүй. Tatler Asia албан ёсны сувгаас тоглолтын тасалбар худалдаж авсан бүх хүмүүст төлсөн үнийн дүнгийнх нь 50 хувийг буцаан олгох болно” гэж Tatler Asia платформ мэдэгдсэн байна. Ирэх гуравдугаар сарын дундуур буцаан олголтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах ажээ.


Хонконгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон нөхөрсөг тоглолтод “Интер Майами” 4:1-ээр хожсон юм. Гэвч Месси талбайд гараагүй нь хөгжөөн дэмжигчдийн бухимдлыг төрүүлж, төлбөрийг буцаан олгохыг шаардсан байна. Өдгөө 36 настай Мессигийн хувьд өвдөгний шөрмөсний үрэвслийн улмаас бэртэл авах эрсдэлтэй байсан тул талбайд гараагүй гэж тайлбарлажээ. 


Пүрэв гарагт “Интер Майами” клубийн зүгээс Мессиг “Хонг Конг XI” багийн эсрэг тоглолтод оролцоогүйд хүлцэл өчжээ. Гэвч Аргентины супер од лхагва гарагт Японы “Виссел Кобе” клубтэй хийсэн нөхөрсөг тоглолтонд 30 гаруй минут тоглосон байна. Улирлын өмнөх аялан тоглолтоо Токиод дуусгасан “Интер Майами” энэ сарын 16-нд АНУ-ын Флорида муж улсад Мессигийн хүчин зүтгэж байсан баг болох Аргентины “Ньюэллс Олд Бойз” багтай нөхөрсөг тоглолт хийнэ. 

Related news