СЭЛЭНГЭ: Тогтвортой ургацыг цаг үеийн ямар ч нөхцөлд хураан авч заншжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-09 10:39:06

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Энх хос мөрөн” ХХК Монгол Улсын аварга тариаланч хамт олон болов. Тус компани Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд бүртгэлтэй бөгөөд сүүлийн 3 жилд 93.4 сая төгрөгийн татварын орлогыг аймаг, орон нутагт төвлөрүүлжээ.


“Энх хос мөрөн” ХХК Зүүнбүрэн суманд 2004 оноос эхлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. 700 га эргэлтийн талбайтай бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй 19 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж.


Эднийх 2023 онд 540 га талбайгаас 19.1 цн буюу 1048 тн улаанбуудай, 162 га талбайгаас 80 тн тосны ургамал хураан авчээ.


Тус компани нь байгаль цаг уураас хараат, усалгаагүй нөхцөлд 700 га талбайд улаанбуудайн тариалалт хийж тариалангийн технологийг мөрдөн ажиллаж тогтвортой ургац хураан авч байна.


Түүнчлэн газар тариалан эрхлэх хугацаандаа цаг уурын тааламжгүй гантай болон тааламжтай жилүүдэд усалгаагүй талбайгаас тогтмол, тогтвортой ургац хураан авсаар иржээ. 


Энэ нь тухайн орон нутгийн хөрс, цаг уурын онцлогт тааруулан тариалалтын хугацаа, үр суулгах гүн, үрийн нормыг тохируулан, ургамал хамгааллын ажлыг цогцоор нь хэрэгжүүлэн ажиллаж байна.


Мөн үйлдвэрлэлдээ шинэ техник, технологи нэвтрүүлэн агротехникийн горимыг мөрдөж ажилладаг амжилтаараа ийнхүү шагналын эзэд болжээ.   

Related news